“ISUZU” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадал бүхий 18 автомашин, гал түймэр унтраах, аврах ажиллагааны “ISUZU” маркийн хоёр тоннын багтаамжтай усны нөөцийн савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, хүн тээврийн “IVECO” маркийн 11 хүний суудалтай зургаан автомашин, эмнэлгийн зориулалттай “KIA” маркийн иж бүрэн эмнэлгийн хэрэгслээр тоноглогдсон хоёр автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилан, хүлээлгэн өгсөн юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр “Улсын төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хүрээнд алба хаагчдын хувцас хэрэглэл, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, техник тоног төхөөрөмжид анхаарч ажилласны үр дүнд 2020 оны суурь түвшингөөс шуурхай албаны автомашины хангалт 76 хувь, гал унтраах автомашины хангалт 55 хувь, туслах албаны автомашин хангалт 25 хувь,хүнд даацын машин механизмын хангалт 38 хувь, тусгай зориулалтын аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 128 хувь, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 260 хувь, өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 120 хувь, агаараас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44 хувь болж өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь төр засгийн зүгээс Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүн юм. Цаашид алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, орчин цагийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааны чадавхыг дээшлүүлж, олон улсад ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно” гэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.