“Apple” компани “iCloud” үйлчилгээгээрээ дамжуулан сая сая хэрэглэгчийг урхинд оруулсан гэж Их Британи үзжээ. Энэ үйлдлээрээ Өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэж үзсэн тул “Apple” компаниас гурван тэрбум фунт стерлинг нэхэмжилж байна. Их Британи дахь “Apple”-ийн 40 сая орчим хэрэглэгч энэхүү нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хүн тус бүр дунджаар 70 фунт стерлингийн төлбөр авах боломжтой гэж мэдэгджээ. Нэхэмжлэлийг өрсөлдөөн, эдийн засгийн зохицуулалттай холбоотой хэргүүдийг шийдвэрлэдэг Их Британийн шүүхийн тусгай байгууллага болох Өрсөлдөөний давж заалдах шүүхэд хууль ёсны дагуу гаргажээ.
“Apple”-ийн төхөөрөмж бүрт суурилуулсан “iCloud” үйлчилгээ нь хэрэглэгчдэд зураг, файл болон бусад өгөгдлийг цахимаар найдвартай хадгалах боломжийг олгодог. Хэрэглэгч 5 гб-ын санах ойг үнэ төлбөргүй авдаг ч үүнээс илүүг авахаар бол сард 54.99 фунт стерлинг хүртэлх үнийг төлөх ёстой. Энэ үнийг өнгөрсөн жил 29 хүртэл хувиар нэмсэн нь огцом өсөлт болсон юм.