Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйг цохон тэмдэглээд тус улстай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг сайшаагаад цаашид хоёр орны нэрийн хуудас болохуйц харилцан ашигтай, эдийн засгийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав.
Талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тээвэр, логистикийн саад тотгорыг арилгах, шинэ дөт чиглэлийг бий болгох, агаарын харилцааг өргөжүүлэх замаар аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах болсныг сайшаан тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ оны дөрөвдүгээр сард болсон шар усны үерийн улмаас эд материалын ихээхэн хэмжээний хохирол учирсан, Монгол Улсын Засгийн газраас 200.000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Казахстаны тал талархал илэрхийлэв.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг тус улсын төрийн тэргүүний хувиар 16 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрээр хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэлээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин гүнзгийрч буйг онцлоод, Монгол, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүхэн нягт холбоотой ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бүр бататгахын төлөө ажиллахаа илэрхийлэв.