Японы эрх баригч Либерал Ардчилсан Нам өнгөрсөн баасан гарагт /2024.09.27/ шинэ даргаа сонгох санал хураалт явуулсан. Тус санал хураалтад батлан хамгаалахын сайд асан Ишиба Шигэрү ялалт байгуулж, Японы дараагийн ерөнхий сайд болох болсон юм. Түүнийг өнөөдөр ерөнхий сайдын албан тушаалд томилно.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Японы Ерөнхий сайд Кишида Фүмиогийн засгийн газрын гишүүд огцорч байна. Ишиба тун удахгүй парламентын доод танхимыг тарааж, аравдугаар сарын 27-нд ээлжит бус сонгууль зарлах төлөвтэй байгаа юм. Ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авах тэрбээр олон нийтийн төрд итгэх итгэл буурсан, эдийн засгийн савлагаатай нөхцөл байдал болон бүс нутгийн аюулгүй байдалд аюул тулгарсан нөхцөлд ажиллана.
Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа тэр засгийн газраа бүрдүүлнэ. Ишиба гадаад хэрэг болон батлан хамгаалахын сайд гэх мэт гол хоёр албан тушаалыг өөртэй нь ижилхэн үзэлтэй хоёр ойрын хүндээ өгөх магадлалтай байгаа. Мөн Ишибагийн эсрэг Либерал Ардчилсан Намын даргын төлөө өрсөлдсөн хэд хэдэн улс төрч засгийн газрын албан тушаалд томилогдох төлөвтэй байна.
Эх сурвалж: Kyodo News
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ