Украины арми Ням гаригт ОХУ-ын нутаг дэвсгэр дэх довтолгоогоо эрчимжүүлжээ. Тодруулбал, томоохон зэвсгийн агуулахуудад цохилт өгөхийн тулд Оросын гүн рүү 100 гаруй нисгэгчгүй онгоц илгээсэн байна. Энэ нь Волгоград муж дахь Котлубаны зэвсгийн агуулах бөгөөд өмнөх өдөр нь тэнд Иранаас зэвсэг техник ирсэн байжээ. ОХУ агаарын цохилтын талаарх мэдээллийг баталгаажуулаагүй боловч Волгоград мужид нэг шөнийн дотор 67 нисгэгчгүй онгоц устгасан гэж мэдэгдсэн.
ОХУ-д нисгэгчгүй онгоц, пуужинг удаа дараалан нийлүүлсэн гэж Ираныг барууны орнууд буруутгадаг. Гэвч Иран үүнийг үгүйсгэсээр иржээ.
Нисгэгчгүй онгоцны халдлага хоёр цаг орчим үргэлжилснийг Волгоградын хэвлэлүүд мэдээлж буй. Волгоградын амбан захирагч Андрей Бочаров “Нисгэгчгүй онгоцноос унасан хэлтэрхий өвсний түймэр үүсгэсэн ч хүний амь нас хохироогүй” гэв.
Дашрамд дурдахад, Дани улсаас Украинд 1.3 тэрбум крон буюу 194 сая ам.долларын тусламж илгээхээ зарлалаа. Данийн засгийн газар болон Оросын битүүмжилсэн хөрөнгөнөөс гаргах уг мөнгийг Украинд үйлдвэрлэх зэвсэг, техник хэрэгсэлд зориулна.
ЭХ СУРВАЛЖ: AFP