Израилийн арми Бейрутад агаарын цохилт өгөхөд Палестины цэргийн гурван удирдагч амиа алджээ. Агаарын цохилт Ливаны нийслэл Бейрутын Кола дүүрэг дэх орон сууцны барилгыг онилсон гэж Палестиныг чөлөөлөх ардын фронт мэдээлэв.
Ливан дахь Хезболлагийн байгууламжууд болон Йемен дэх хуситуудад Израилийн арми сүүлийн үед ойр давтамжтайгаар цохилт өгсөөр байна. Энэ нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн хяналтаас гарч, Иран, АНУ руу халих вий гэсэн болгоомжлолыг үүсгээд буй. Палестиныг чөлөөлөх ардын фронт нь Израилийн эсрэг сөргөөцөлдөж буй бас нэгэн цэргийн бүлгэм юм.
Израилийн арми Ням гаригт Йемен дэх хуситууд болон Ливан даяарх Хезболлагийн хэд хэдэн байг онилсон. Энэ цохилтоор Йемений Худайда боомтод дөрвөн хүн нас барж, 29 хүн шархаджээ. Харин Ливанд дор хаяж 105 хүн амиа алдсан байна.
Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 1000 гаруй ливан хүн амиа алдаж, 6000 хүн шархаджээ. Мөн нийт хүн амын тавны нэг нь буюу нэг сая орчим хүн орон гэрээсээ дүрвэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS