Төсвийн байнгын хорооны хурлын үеэр гишүүд Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн банкуудад байршуулж байгаа чөлөөт эх үүсвэрийн талаар мэдээллийг холбогдох байгууллагуудаас тодруулж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Төсвийн гүйцэтгэлийг яаралтай горимоор биш хугацаа тавьж байгаад хэлэлцдэг, хардаг баймаар байна. Нэгд Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой асуулт байна. Эрүүл мэндийн даатгалаас хэдэн хувь эрүүл мэндэд, амралт сувилалд зарцуулагдсан. Үүнийг тоогоор хэлээд өгөх боломж байна уу. Төсөл, хөтөлбөрт хэрэгжүүлсэн сангийн зарцуулалт хэд байсан бэ гэдгийг асуумаар байна. Яагаад асуугаад байна гэхээр ЭМД-ын сангаас санхүүжилт гарахаа больсон байна. Бид хүмүүсээ эрүүл мэндэд нь биш амралт сувилалд илүү мөнгө зарцуулаад байдаг. Өмнөх сангийн зарцуулалттай холбоотой үүнийг асуугаад байна. Хоёрт, ЭМД, НД-ын сан гээд нийт 100 гаруй тэрбум төгрөг Чингис хаан банканд байршуулсан байна. Үүнийг яаж олж авах вэ. Хэн үүний хариуцлагыг хүлээх вэ. Найдваргүй зээл болгоод бүртгэсэн. Хойноос нь явдаг хүн байна уу. Гурав, Боловсролын зээлийн сангийн зарцуулалт хуулийн дагуу явж байна уу. Хэчнээн хүн БЗС-гаас одоо хүртэл мөнгө авсан байна. Найдваргүй авлага хэд вэ. Өмнөх 2023 оны төсөвтэй холбоотой Тендергүй зарцуулалт гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байна. Аль, аль яам дээр хэдэн төгрөгийн төсөв тендергүй зарцуулагдсан байна вэ.”Бэрэн” группт нийт 239 тэрбум төгрөг олгосон байх юм. Үүнийг эргэн төлөх асуудал ямар шатанд явж байгаа вэ? Төрийн өмчийн компаниудад олгосон олон жилийн насжилттай зээлүүд их байна. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. Ингээд төсвөөс мөнгө зээл болгож авдаг. Түүнийгээ эргэж төлдөггүй. Энэ бол нэлээд газар авсан. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хариулаад өгөөрэй.
Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах: 2023 онд ЭМД-ын сангаас 111 улсын эмнэлэгт 860.7 тэрбум төгрөг, 231 хувийн эмнэлэгт 217.2 тэрбум төгрөг, 328 сумын эрүүл мэндийн төвд 175.8 тэрбум төгрөг, 216 өрхийн эмнэлэгт 171.8 тэрбум төгрөг, 1565 эмийн санд 89.9 тэрбум төгрөг, 50 лабораторид эрт илрүүлгийн 36.8 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Сангийн яамны хэлтсийн дарга С.Тулга: Бэрэн групптэй холбоотой асуултад хариулъя. Энэ төслийг 2012 онд БНХАУ-ын 239.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сангийн яам болон тухайн Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам цаашаа “Бэрэн” групптэй 173.6 тэрбум төгрөг, “Цагаан хуаранг консалтинг” ХХК-тай 65.6 тэрбум төгрөгийн дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулаад өр, авлагын аливаа маргаан үүсээн тохиолдолд арбитрын шүүхээр шийдүүлнэ гээд тухайн хувийн хэвшлийн ААН-үүдтэй гэрээ байгуулсан. Гэвч одоо хүртэл энэ хоёр байгууллагатай арбитрын маргаан үүсгээгүй, хугацаа хэтэрсэн авлагад бүртгэгдээд явж байгаа ийм зээл байгаа. Төслийн зээл бөгөөд төсвийн алдагдал нөхөх санхүүгийн зээл биш байсан. Тухайн төсөл байшин бариад ашиг олох боломжтой байсан учраас Засгийн газар үүнийг дамжуулан зээлдэг. Засгийн газар Барилга хот байгууллагын яамтай дэд зээлдэгчээр дамжуулан зээлж байгаа. Эцсийн зээлдэгч нь тухайн хоёр компани. Дэд зээлдэгч эргэн төлөгч дээр бүрэн хариуцлага хүлээдэг.
Улсын ерөнхий аудитор Д.Загджав: 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 их наяд 376.3 тэрбум төгрөгийг 1139 төсөл арга хэмжээг төлөвлөсөн. Гүйцэтгэлийн аудит хийж үзэхэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ төрийн болон орон нутгийн төсвөөр худалдан авах ажиллагааны журам, хууль зөрчиж тендергүй зарласан юм байхгүй. Харин илэрсэн зөрчил нь 8 тэрбум 249.9 төгрөгийн 11 төлбөрийн акт тогтоож, 28 тэрбум 615.4 сая төгрөгийн 15 албан шаардлагыг хүргүүлж ажилласан.
Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Б.Цогбадрах: Чингис хаан банк ЭМДЕГ-ийн 30.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Капитал банк 78.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Нийтдээ 2023 оны жилийн эцсийн байдлаар 109.3 тэрбум төгрөгийн үлдэгтэй байгаа юм байна.