Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.22) Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо болж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогч Амина Мохаммед Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд баяр хүргээд Монгол Улс нь “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөрийг үндэсний хөгжлийн бодлогодоо тусган нутагшуулсан анхны улс орнуудын нэг бөгөөд хэрэгжилтийг хангуулах чиглэлд УИХ-аас онцгой ач холбогдол өгч ирсэнд талархал илэрхийлэв. Цаашид НҮБ-ын хүний эрхийн механизм дахь оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрхийг хангах, хамгаалах асуудлаар нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.