Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолыг энэ оны тавдугаар сарын 02-нд баталсан юм.
Уг тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулгадаа дурдав. Тэрбээр, өнгөрсөн парламентын үед нэг хийсэн чухал ажил бол эмийн чанар, хүртээмжийн талаар нээттэй сонсгол зохион байгуулсан явдал гэж онцлоод, үүний үр дүнд шинэчлэн баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг ирэх 10 дугаар сарын 01-нээс мөрдөж эхлэхтэй холбоотойгоор Гаалийн Ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагуудаас 38 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт ямар байгаа талаар асуухад урагшилсан нэг ч алхам алга байна гэсэн юм. Иймд тэрбээр Улсын Их Хурлын дарга болон Даргын дэргэдэх зөвлөлд санал гаргаж “Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа итгэлцлийн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, гаалийн болон татварын байгууллагатай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээллийн санг хөтөлж, эмийн бодит үнийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүргийг дахин нягталж, хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгох талаар судалж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар заажээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, хөнгөлөлттэй эм хөдөөгийн, алслагдсан сумын иргэдэд хүрдэггүй, аймаг, сумдын эмнэлгүүдихээхэн хэмжээний эмийн өртэй болсон, мөн сумын эмнэлгүүдэд рентген аппарат зэрэг тоног төхөөрөмж дутагдалтай байгаа болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар өнөөг хүртэл зориулалтын байргүй байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, эмийн лабораторийн хүний нөөцөд яаж анхаарах, лабораториуд эмчилгээний идэвхжлээс гадна нянгийн идэвхжлийг судлах боломжтой эсэх, мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар ямар үүрэгтэйг болон 38 дугаар тогтоолын хоёрдугаар заалтын хэрэгжилт ямар түвшинд байгаа талаар асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг ганц нэгхэн компани төсөвт өртгийн ихэнхийг хүртдэг зэрэг асуудал Улсын Их Хуралд тусдаа орж ирж хэлэлцэгдэх эсэх, мөн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн нэрс дотор өөрийнх нь нэр орсныг дурдаж, сайтар шалгаж нягталсны үндсэн дээр ийм асуудлыг олон нийтэд зарлаж байх нь зүйтэй гээд, огт аптек байхгүй сумдыг аптектай болгох асуудлыг томоохон ханган нийлүүлэгчдийг үүрэгжүүлэх замаар шийдвэрлэх боломжтой талаар ярив. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл төрийн холбоо хамаарал бүхий этгээдүүдээр дамжиж гардаг, жирийн иргэн эрхлээд явах боломжгүй талаар олон нийтийн дунд санал, гомдол ихээхэн гардаг талаар дурдаж, энэ төрийн оролцоо, танил тал, ашиг сонирхлын хэлхээ сүлбээг багасгахад цаашид анхаарах шаардлагатай гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гишүүдийн асуултад хариулахдаа, 38 дугаар тогтоолын дагуу эмийг хил, гаалиар орж ирэхээс нь эхлээд үнийг нь тодорхой байлгах, хэн гэдэг эцсийн хэрэглэгч дээр очиж байгааг хүртэлх бүртгэл мэдээллийг тодорхой хөтлөх ажлыг хийж байна. Мөн, эмийн үнийг тогтоон барих зорилгын хүрээнд нэгдсэн худалдан авалтуудыг зохион байгуулахаар цөөнгүй гэрээ, хэлцлүүд хийгдсэн гэсэн юм. Түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дагуу Эмийн зөвлөлийн сонгон шалгаруулалтыг заргах бэлтгэл ажлыг хангаад байна гэв.
Асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара, Ж.Баясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нар үг хэлж, саналаа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд, тогтоолын төсөлд хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар тусгах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг цэгцэлж, бүртгэлгүй эмийг сурталчлах бүү хэл оруулж ирэхийг хориглох, гадаадаас авч хэрэглэсэн эмийн үйлчлэл дотоодын зах зээл дээрхээс өндөр байдагт дүгнэлт хийх, орлого нь 2018 оныхоосоо дөрөв дахин нэмэгдсэн Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэр хэмжээгээр сайжруулах шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм. Санал хураалт явуулахад Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулган нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.