Францын эзэн хаан агсан Наполеон Бонапартын хэрэглэж байсан хос гар бууг Ням гарагт үнэ хаялцуулан худалдахад 1.69 сая еврогийн үнэ хүрчээ.
Парисын галт зэвсэг үйлдвэрлэгч Louis-Marin Gosset-ийн уг бүтээгдэхүүн 1.2-1.5 сая еврогийн үнэ хүрэх төсөөлөлтэй байсан нь ийнхүү давж биелсэн байна.
Наполеон 1814 онд эрх мэдлээ алдахаас өөр аргагүй болсны дараа уг буугаар амиа егүүтгэхийг оролдож байсан гэдэг.
Түүний шадар туслах Арман де Коленкур сумыг нь зайлуулан өөрийгөө буудахад саад учруулж байжээ. Дараа нь Наполеон хор уусан ч амьд үлдсэн гэдэг.
Сүүлд Наполеон гар буунуудаа Коленкурт өгснийг үр удам нь дамжуулан хадгалж иржээ.
Францын соёлын яам саяхан эдгээр буунуудыг үндэсний үнэт өвийн жагсаалтад бүртгэж, экспортлохыг нь хориглосон юм.
Тиймээс Францын засгийн газар дуудлага худалдааны ялагчаас гар буунуудыг 30 сарын дотор худалдаж авах ёстой болж байгаа.
Алт, мөнгөн тоноглолтой, Наполеоны дүрийн сийлбэртэй гар буунууд хэрэгслүүдийн хамт үйлдвэрийнхээ хайрцагтай зарагджээ.
Наполеоны үлдээсэн эд зүйлс одоо болтол цуглуулагчдын дунд өндөр эрэлттэй байдаг.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний өмсөж байсан гурвалжин хэлбэртэй малгай 1.9 сая еврогоор зарагдаж байв.
Газар дундын тэнгисийн Элба арлын цөллөгөөс буцаж ирсэн Наполеон 1815 онд дахин төрийн эхийг авсан ч Ватерлоогийн дэргэдэх тулалдаанд ялагдсан юм.
Тэрбээр хоёр дахь удаагаа шийтгүүлж, Атлантын далайн өмнөд хэсгийн Ариун Еленийн аралд хоригдож байхдаа 1821 онд нас баржээ.
Эх сурвалж: BBC