Атлантын далайн усан доогуур татсан кабель тасарсан тохиолдол иргэний болон цэргийн зориулалттай харилцаа холбооны сүлжээг сансрын хиймэл дагуул руу шилжүүлэх төслийг НАТО дэмжихээр болжээ.
АНУ, Исланд, Швед, Швейцар улсуудын судлаачид хорлон сүйтгэх ажиллагаа, байгалийн гамшгийн улмаас далайн кабель тасарсан тохиолдолд интернэтийн урсгалыг ямар нэг хугацааны алдагдалгүйгээр хиймэл дагуулын холбоонд шилжүүлэх $2.5 саяын өртөгтэй төсөл дээр ажиллахаар бэлдэж байгаа юм.
Тэгвэл Умард Атлантын Гэрээний Байгууллага (НАТО) уг төслийг дэмжиж, 400,000 еврогийн санхүүжилт гаргахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.
НАТО-гийн дэргэдэх Энх Тайван, Аюулгүй Байдлын Шинжлэх Ухааны Хөтөлбөрийн менежэр Эюүп Турмус уг мэдээллийг баталсан байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн сөргөлдөөн эрчимжиж, Орос, Хятад зэрэг улсууд дайн мөргөлдөөний үеэр далай доогуур татсан харилцаа холбооны кабелийг таслах эрсдэл нэмэгдэж байгаа.
Далайн усан доогуур татсан кабелийн сүлжээгээр өдөр бүр $10 их наядын дүнтэй санхүүгийн гүйлгээ дамждаг.
НАТО-гийн харилцаа холбоо бараг бүхэлдээ энэ дэд бүтцээс хамааралтай байдаг юм.
Дээр дурдсан интернэтийн урсгалыг хиймэл дагуулын холбоо руу шилжүүлэх төслийг энэ сарын сүүлээр Нью-Йорк хотын Корнеллын Их сургуульд зохион байгуулагдах симпозиумын үеэр нээх ажээ.
“Хангалттай цаг гаргаж, толгойгоо ажиллуулсан тохиолдолд үүнийг хийж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна” гэж Корнеллын Их сургуулийн сансрын системийн инженер, уг төслийн удирдагчдын нэг Грегори Фалко саяхан ярьж байв.
Төслийн албан ёсны нэр “Hybrid Space and Submarine Architecture to Ensure Information Security of Telecommunications” (HEIST) юм байна.
Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцох уг төсөлд АНУ-ын хиймэл дагуулын Viasat компани, сансрын технологийн Sierra Space компани, Исландын кибер аюулгүй байдлын Syndis компани оролцох ажээ.
HEIST төслийнхөн бас далайн кабелийн найдвартай ажиллагааг сайжруулах технологийг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал кабелийн гэмтсэн хэсгийн байрлалыг одоо операторууд километрийн нарийвчлалтай илрүүлдэг бол HEIST-ийн судлаачид метрийн нарийвчлалтай болгох зорилт тавьжээ.
Эх сурвалж: Bloomberg