ОХУ-ын ерөнхийлөгч Путин Хойд Солонгост айлчилж буй. Айлчлалын хүрээнд Путин, Ким Жон Ун нар Лхагва гаригт “Аль нэг улс нь түрэмгийлэлтэй тулгарвал харилцан туслалцаа үзүүлнэ” гэсэн гэрээнд гарын үсэг зуржээ. Нарийн мэдээлэл одоогоор тодорхойгүй байгаа ч энэ гэрээг хүйтэн дайнаас хойших хамгийн хүчтэй түншлэлийн гэрээ гэж нэрлэж байна. Харилцан туслалцаа гэдэг үгээр цэрэг, материаллаг тусламж болон бусад зүйл гээд чухам юуг илэрхийлсэн нь мөн тодорхойгүй.
Путин үүнийг “Харилцаагаа илүү өндөр түвшинд хүргэх хамтын хүслийг тусгасан амжилтын баримт бичиг” гэжээ.
Хэрвээ Хойд Солонгос халдлагад өртвөл ОХУ-ын цэргийн оролцоо зайлшгүй шаардлагатайг тусгасан гэж шинжээчдийн үздэг гэрээнд хоёр улс 1961 онд гарын үсэг зурсан. Гэвч ЗХУ задран унасны дараа уг хэлэлцээрийг цуцалж, 2000 онд аюулгүй байдлын баталгаа нь илүү суларсан гэрээгээр сольсон аж. Энэ удаагийн шинэ гэрээ нь 1961 оныхтой ижил түвшний хамгаалалтыг амалж буй эсэх нь тодорхойгүй байна.
Путиныг Лхагва гаригт Пёньяны төв талбайд албан ёсоор угтан авсан. Ким Жон Ун энэ үеэр Путинд Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй, эрх баригч намын нарийн бичгийн дарга Жо Ён Вон, дүү Ким Ё Жон зэрэг удирдлагын гол хүмүүсээ танилцуулжээ.
Мөн удирдагчид бэлэг солилцжээ. Путин Хойд Солонгосын удирдагчид ОХУ-д үйлдвэрлэсэн “Aurus” лимузин, цайны багц, тэнгисийн цэргийн офицерын чинжаал зэрэг дурсгалын зүйл бэлэглэсэн байна. Харин Ким Жон Ун Оросын удирдагчийг дүрсэлсэн урлагийн бүтээлүүдийг Путинд бэлэглэжээ.
Оройн зоогийн үеэр Путин “Алсын хамаатнаас ойрын хөрш нь дээр” гэсэн үгийг хэлсэн бол Ким Жон Ун “Дэлхийн атаархлыг төрүүлж буй харилцааны дийлдэшгүй мөнх байдлын төлөө” хундага өргөжээ.
Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр удирдагчид авто замын гүүр барих, эрүүл мэнд, анагаахын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах гэрээнүүдэд гарын үсэг зурсан байна.