Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтайг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Дааврын эмчилгээнээс болж ой санамжаа алдах өвчин туссан таван хүнээс эрдэмтэд нотлох баримт цуглуулсан байна. Тэд бүгдээрээ эрт үеийн сэтгэцийн хомсдолын өвчин туссан байсан.
Эдгээр таван хүн нь хүүхэд байхдаа хорт амилоид-бета уургийн үр буюу прионоор баяжуулсан өсөлтийн даавар тариулсан 1848 хүний дунд байжээ. Ижил эмчилгээ хийлгэсэн бусад хүнийг эрсдэлтэй гэж тооцож буй. Тус өсөлтийн дааврыг хэвийн бус намхан хүүхдүүдийн өсөлтийг дэмжих зорилгоор цогцосноос гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь нас барсан донороос авсан хүний өсөлтийн даавар аж. Үүнийг 1958-1985 оны хооронд Их Британи, АНУ-д хүүхдүүдэд тарьж байсан. Крейцфельдт-Якобын өвчин (CJD) гэх үхлийн аюултай тархины эмгэг уг эмчилгээнээс болж үүссэн нь тогтоогдсоноор хожим нь эмчилгээг хоригложээ. Эмч нар оронд нь синтетик гормон хэрэглэх болсон байна.
Тархинд прионууд хуримтлагдах үед альцгеймер өвчин тархах эрсдэлтэйг эрдэмтэд магадлажээ.
Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Жон Коллинж хэлэхдээ “Ирээдүйд санамсаргүйгээр халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Мэс заслын тоног төхөөрөмжөөс прионуудыг устгах арга замыг судалж байна. Халдвартай өсөлтийн даавар тариулсан хүмүүст одоо альцгеймер үүсэх эрсдэл бий” гэв.
Альцгеймер өвчнийг 65-аас дээш насныханд тохиолддог, эсвэл генетикийн эрт үеийн төрөл буюу гэр бүлд тохиолддог гэж хоёр хэлбэрт хуваадаг. Гэтэл өдгөө бусдаасаа ялимгүй ялгаатай, маш ховор төрлийн, хүнээс хүнд дамждаг гурав дахь хэлбэрийг олж тогтоогоод байна.
Эх сурвалж: DAILY MAIL