Саудын Арабт эмэгтэйчүүдийн хувцаслах эрхийн төлөө тэмцсэн эмэгтэйд 11 жилийн хорих ял өгчээ. Фитнессийн багш, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Манахел аль-Отайби лалын шашинт улсын эмэгтэйчүүдийн хувцаслалтын эрх чөлөөний төлөө дуугарснаар эрүүгийн хэрэг хүлээсэн. Үүнийг олон улсын хүний эрхийн төлөөх байгууллагууд шүүмжилж, Манахелийг суллахыг шаардаж байна.
Манахел ал-Отайби нь “террорист гэмт хэрэгт буруутгагдаж, хуулийн дагуу баривчлагдсан” гэж Женевт суугаа Саудын Арабын төлөөлөгчийн газар мэдэгдсэн аж.
Аль-Отайбиг буруутгаж байгаа нь зөвхөн түүний хувцасны сонголт, цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбоотой. Мөн Саудын Арабын эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийг асран хамгаалдаг тогтолцоог зогсоохыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уриалсан, “зохисгүй хувцас өмссөн” бичлэгээ нийтэлсэн, “Абая өмсөөгүй дэлгүүр хэссэн ” зэрэг үндэслэлээр буруутгагдаж байна. Түүний эгч Фавзиа аль-Отайби ч мөн адил хэргүүдэд буруутгагдаж, 2022 онд байцаалтын үеэр Саудын Арабаас зугтаж чаджээ.
Түүнийг “Малаз” шоронд “бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн” гэж хүний эрхийн бүлгүүд мэдэгдэв. Манахел аль-Отайби дөрөвдүгээр сард гэр бүлдээ өөрийгөө ганцаарчлан хоригдож, бие махбодийн хүчирхийллийн улмаас хөлөө хугалсан гэж хэлсэн талаар Эмнести болон “ALQST” байгууллагууд мэдэгджээ. Саудын Арабт эмэгтэйчүүдэд тавих хууль дүрмийг багасгасан ч “ялгаварлан гадуурхах” үзэл байсаар байна. Хүний эрхийн байгууллагууд хамтран Женевт суугаа Саудын Арабын төлөөлөгчид Манахелийг болон ижил хэрэгтэй бүсгүйчүүдийг суллах шаардлага хүргүүлсэн байна.
Эх сурвалж: CNN