Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:05 цагт “Дашваанжил” ХХК-ийн газ ачиж явсан ачааны автомашин, Батлан хамгаалах яамны харьяа “Барилга захиалагчийн алба” ТӨААТҮГ-ын даргын унаж явсан “Ниссан Патрол” маркийн машинтай шүргэлцсэний улмаас их хэмжээний дэлбэрэлт үүссэн.
Ослын улмаас,
- Баянзүрх дүүргийн гал унтраах 63 дугаар ангийн гурван алба хаагч амь насаа алдсан
- 15 иргэн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдснээс 4 нь нас барсан
- “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилга шатсан
- “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв ч мөн өртсөн
- 36 машин шатсанаас 29 нь дахин ашиглах боломжгүй болсон
Ослын газар 12 мөрдөгч томилогдон ажиллаж, 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлсэн.
Өнөөдөр уг осолд өртсөн орон сууцны оршин суугчид дуу хоолойгоо нэгтгэн жагсахаар гарч ирлээ. Тодруулбал, энэ сарын 4-ний өдөр Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг галд өртсөн дөрвөн барилгад хяналт шалгалт хийсэн дүгнэлтээ танилцуулахдаа “Edu” апартмент буюу 207-р байрыг “Газар хөдлөлтөд тэсвэргүй” гэсэн.
Тиймээс тус байрны оршин суугчид уг дүгнэлтийг ойлгомжгүй, тодорхой шийдэлд хүрээгүй гэж үзсэн учраас Шадар сайд С.Амарсайханд шаардлага хүргүүлэхээр Сүхбаатарын талбайд цугларч, Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/ дээр очоод байна. Тэд 78 хоног хүлээсний эцэст тэсвэр алдарсан учир ийн гарч ирсэн.
Харин жагсахаар нэгдэж гарч ирсэн хохирогчдод харин “Галд өртсөн дөрвөн барилгын мэргэжлийн дүгнэлтийг өнөөдөр УОК-т хүлээлгэн өгнө” гэж мэдэгдсэн тул иргэд УОК-оос ямар шийдвэр гарахыг хүлээхээр боллоо.
Хэрэв барилгыг нураах бол эргэн барихад хэдий хугацаа шаардагдах, тэр хүртэл түрээсийн байрны асуудлыг яаж шийдвэрлэх зэрэгт оршин суугчид хариу хүсэж байгаа.
Эх сулвалж: https://eguur.mn/488839/ Б.ХАШ-ИЛД