АНУ-ын Мичиган мужид Итан Крамбли нэртэй ахлах сургуулийн сурагч галт зэвсгээр дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг гарсан. АНУ-ын шүүх түүний эцэг эх болох Жеймс Крамбли, Женнифер Крамбли нарыг хүүгийнхээ хэрэгт буруутай гэж үзсэн.
Энэ нь тус улсын түүхэнд хүүхдийнх нь үйлдсэн хэрэгт эцэг эхийг нь буруутгасан анхны тохиолдол болсон юм. Тэгвэл мягмар гарагт /2024.04.09/ болсон шүүх хурлын эцэст Жеймс, Женнифер хоёрт 10-15 жилийн хорих ял оноожээ.
Тэд 10 жил шоронд ял эдэлснийхээ дараа давж заалдаж ялаа тэнсэн харгалзах болгох эрхтэй болно. Хэрвээ давж заалдаад бүтэлгүйтвэл ялын үлдсэн хугацааг эдлэх юм.
Оакланд дүүргийн тойргийн шүүгч Шерил Мэттьюс тэдэнд ял оноохын өмнө “Жеймс Крамбли гэртээ буу, сум зэргийг амархан олж авах нөхцөлийг бүрдүүлсэн. Харин Женнифер Крамбли эдгээр зэвсгийг ашиглах, эзэмшихийг хөхүүлэн дэмжсэн” гэжээ.
Тэдний хүү Этаны шүүх хурал өнгөрсөн жил болсон. Тэрбээр хүн амины хэрэг үйлдсэн, терроризм үйлдсэн гэх мэт 19 зүйл ангийн гэмт хэрэгт буруугаа хүлээж өршөөлөөр суллагдах боломжгүй бүх насаараа хоригдох ял авсан юм.
Эх сурвалж: CNN