Өнгөрсөн сард дэлхийн хэвлэлүүд Японд маш ховор боловч аюултай бактерийн халдварын хүндрэлийн тохиолдол ихсэх болсон талаар мэдээлсэн. Тодруулбал хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Японд стрептококкийн хордлогын хам шинж (STSS) 556 удаа тохиолджээ.
Харин 2023 онд STSS-ийн 941 тохиолдол бүртгэгдсэн юм. Тэгвэл тус улсын эрүүл мэндийн албан тушаалтнууд олон улсад хандаж мэдэгдэл гаргахдаа уг хүндрэлийн тоо нэмэгдэж буйгаас болж Япон руу хийх аяллаа цуцлахгүй байхыг уриалсан байна.
Гараа угаах, амны хаалт зүүх, шархаа цэвэр байлгах зэрэг үндсэн алхмууд халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй гэдгийг тус онцолсон юм.
Стрептококкийн хордлогын хам шинж нэмэгдэж байна гэх мэдээллээс болж гаднын зарим оронд Япон руу аялахаас болгоомжлох явдал нэмэгдсэн юм. Тухайлбал БНАСАУ нийслэл Пёнянд хийх байсан 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний Азийн сонгон шалгаруулалтыг Японд халдварт өвчин тархаж байна гэх шалтгаанаар цуцалсан байдаг.
Японы албан тушаалтнууд аялахаар төлөвлөж байсан хүмүүсийг тайшвруулахын тулд 2022 онд Европт STSS-ийн хүндрэл нэмэгдэх үед ДЭМБ аялахаас зайлсхийхийг зөвлөсөн удирдамж гаргаж байгаагүй гэдгийг дурджээ.
Тус хүндрэлийг стрептококк А буюу стрептококк пиоженес үүсгэж буй. Стрептококк А буюу стрептококк пиоженесийн халдвар ихэнхдээ ямар нэгэн асуудал үүсгэдэггүй ба амьсгалын зам, шарх, бохир гараар дамжин халдварладаг байна.
Өнгөрсөн жил Японд 50-иас доош насны STSS-ээр өвчилсөн хүмүүсийн 30.9 хувь нь амь үрэгдсэн байна. Харин Нью-Йоркийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлснээр бол тус хам шинжээр хүндэрсэн хүмүүсийн 60 хүртэл хувь нь амь үрэгдэж магадгүй байдаг аж.
Эх сурвалж: Asahi Shimbun