Хонконгийн албан тушаалтнууд 146 кг алтыг машины эд ангийн хэлбэрт оруулан будаж хил давуулах гэж байсныг илрүүлжээ. Хил давуулах гэж завдсан алтны үнэ нийтдээ 10 сая ам.долларт хүрнэ гэж мэргэжилтнүүд мэдээлсэн юм.
Хонконг нь дэлхийн хамгийн том алтны худалдааны төв. Сүүлийн үед геополитикийн тогтворгүй байдлын улмаас алтны үнэ өсөөд буй.
Цагдаагийн алба тус хэрэгтэй холбогдуулан 31 настай эрэгтэйг баривчилсан ч батлан даалтад гаргаж, нэмэлт мөрдөн байцаалт явуулах болжээ. Хууль бусаар эд зүйл хилээр гаргах эсвэл нэвтрүүлэх нь Хонкогийн хуульд долоо хүртэлх жилийн хорих ял оноодог гэмт хэрэг.
Гаалийн ажилтнууд гуравдугаар сарын 27-нд Япон руу явах ачаанд багтсан барааг шалгахад хачирхалтай бүтэц, жинтэй зүйлс олдсон байна. Нэмэлтээр шалгаж үзэхэд араа, шураг, моторын гол зэрэг машины хэсгүүдийн хэлбэрт оруулж, будсан алт байсныг илрүүлсэн юм.
Албан тушаалтнууд Японд үйл ажиллагаа явуулдаг гэмт бүлэглэл татвараас зайлсхийхийн тулд ийм ажиллагаа явуулах гэж оролдсон байж магадгүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC