–Дэлхийн банк $19.5 саяар санхүүжүүлэхээр 2016 онд эхлүүлсэн төслөө 2022 онд зогсоожээ-
Эрүүл мэндийн яамны “Цахим эрүүл мэнд” төслийг Дэлхийн банк 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, 2016 онд эхлүүлж байжээ. Улмаар 9.5 сая ам.долларыг нь өгсөн ч, ердөө 29-хөн хувийн гүйцэтгэлтэй байсан тул 2022 онд арга буюу төслөө зогсоосон байна.
“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хэрэгжих байсан HIEP, PACS төслүүдээр иргэдийн мэдээлэл бүх шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд холбогдон нэгтгэгдчихсэн хэмжээний дэвшилт гарах учиртай байв.
HIEP (Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны флатформ) -ийн тендерт “Bit computer” болон “Taihan Cable Solution” гэсэн БНСУ-ын компаниудын нэгдэл шалгарчээ.
PACS (Дүрс архивлах, хадгалах, солилцох систем) -ийн тендерт “Arima Japan” болон “Amin Inn” гэсэн Япон компаниудын нэгдэл шалгарчээ.
Хачирхалтай нь, дээрх Япон, Солонгосын хөрөнгө оруулалтай гэх хоёр компанийн туслан гүйцэтгэгчээр “Аксис системс” гэх Монгол компанийг шалгаруулан оруулж ирсэн байна.
Хамаг будилаантай асуудал энэхүү “Аксис системс” ХХК-д бий гэдэгт одоо анхаарлаа хандуулъя.
-СХЕМ: Төслөөр “тоглосон” Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын үеэл дүү, дүүгийнх нь найзуудын хамаарал-
“Аксис системс” ХХК-ийг Жамбалсүрэнгийн Мөнгөнсүх, Ядамсүрэнгийн Энхчулуун нар хамтран эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Тулгын Асралт гэх нэр бүртгэлтэй байдаг.
Гэтэл PACS-ийн төсөл хариуцсан менежер нь Ж.Мөнгөнсүх, HIEP-ийн төсөл хариуцсан менежер нь Ө.Эсболд болж таарав. Тэднийг яамнаас оруулж ирсэн гэсэн үг. Ж.Мөнгөнсүх, Ө.Эсболд нар найзууд бөгөөд Ө.Эсболд нь Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын үеэл дүү юм.
Дээр нь нэмээд “Аксис системс” ХХК-д хувь эзэмшдэг Я.Энхчулуун нь PACS төслийн тендерт шалгарсан “Arima Japan” ХХК-ийн захирал. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт шалгуулагч. Тус ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнд холбогдох эл хэрэг одоо болтол шийдэгдээгүй билээ.
Тэгэхээр HIEP, PACS төслүүд дээр Ө.Эсболд ба түүний найзуудын хамаарлыг зохион байгуулалтайгаар оруулж ирсэн гэж хардаж болох үндэслэлтэй.
Тухайн үед төслийн зохицуулагчаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдтой ижил овог нэртэй С.Энхболд гэх хүн ажиллаж байв. Тэрбээр, төслийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа 2016 онд эхлүүлсэн ажлын гүйцэтгэгчдийг бүр 2021 оны зургаадугаар сард шалгаруулах зэргээр ажилдаа асар хойрго хандаж ирж. Шалгаруулахдаа сайд С.Энхболдын хамаарлуудыг оруулж ирсэн нь ч анхаарал татдаг.
Энд нэг он цагийн онцлоход, С.Энхболд 2021.01.30-нд Эрүүл мэндийн сайдаар томилогдож, 2021.06-р сард HIEP, PACS төслүүдийн тендерт түүний үеэл дүүгийнх нь хамаарал бүхий компаниуд шалгарсан. Дээр нь нэмээд үеэл дүү Ө.Эсболд нь HIEP төслийн менежерээр, Ө.Эсболдын найз Ж.Мөнгөнсүх PACS төслийн менежерээр орж ирсэн.
Ө.Эсболдын найз Ж.Мөнгөнсүхийн “Аксис системс” ХХК эрүүл мэндийн салбараас 2018-2020 оны хооронд, тэр дундаа Эрдэнэт чиглэлээс олон тендер авсныг Я.Энхчулуун, Ц.Даваацэрэн нартай холбож харж болно.
–Дэлхийн банк Монголын ЗГ-аас мөнгөө нэхэмжилж, ЗГ С.Чинзориг, Б.Жавхлан сайд нарт “Мөнгийг нь олж өгөхийг” даалгажээ-
2016 онд эхлүүлж, 1.7 сая ам.долларыг авчихсан төсөл нь нэг л явахгүй, урагшгүй байсан тул Дэлхийн банкнаас хэд хэдэн удаа шалгалт оруулж иржээ.
Тодруулбал, 2021 оны аравдугаар сард IT аудит оруулахаар хоёр удаа олон улсын тендер зарлаж. Гэвч хоёр удаа зарласан тендерт нь олигтой компаниуд оролцоогүй аж. 2022 оны дөрөвдүгээр сард дотоод шалгалт хийхээр дөрвөн хүнээ ирүүлсэн байна. 2022 он наймдугаар сард IT аудитаа оруулж ирж шалгаж, төслийн гүйцэтгэл ердөө 20 гаруй хувьтай байгааг тогтоожээ. Ингээд шалгалтаас нэг сарын дараа 2022 оны есдүгээр сард төслийг хаах шийдвэр гаргасан байна.
Ингээд Дэлхийн банк төсөл рүү шилжүүлсэн 1.7 сая ам.долларын мөнгөн дүнгээ Монгол Улсын Засгийн газраас нэхэмжлээд байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ төслийн зарцуулалтыг тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон АТГ-т шалга гэдэг үүрэг өгч байж.
Улмаар “1.7 сая ам.долларыг буцаан төвлөрүүлж, Дэлхийн банканд төл” гэдэг Засгийн газрын тогтоол гаргаж, Сангийн сайд Б.Жавхлан болон Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нарт үүрэгджээ. Тэд төслийг хэрэгжүүлэх нэрээр мөнгө үрэгдүүлсэн С.Энхболдын хамаарал бүхий хүмүүсээс нэхэх ажлыг хийж байгаа ч, ямар шатандаа яваа нь тодорхойгүй байна.
–Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг яллагдагчаар татаагүй байна-
Өдгөө “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон гэх асуудлаар АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ө.Эсболд, Ж.Мөнхжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг яллагдагчаар татжээ.
2023.12.28-нд энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэгдэж байв. Гэвч түүнийг яллагдагчаар татаагүй төдийгүй, шалгалтын гадуур орхисон тухай мэдээлэл бий.
Эх сурвалж: https://eguur.mn/485113/ П. Урнаа