Эхлээд Малайзын шүүх хурал. Дараа нь АНУ-ын холбооны прокуроруудын хийсэн мэдэгдэл. BBC, CNN, CNBC тэргүүтэй гадаадын хэвлэлүүд яг шүүх хурлын дараа, эсвэл америк прокурорууд мэдэгдэл хийсний дараа С.Батболдолд холбогдох мэдээ, материалуудаа цацжээ.
Редакцын шугамаар л, тодруулбал үйл явдлын мөрөөр ажиллацгааж байна уу гэсэн дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ BBC, CNN-д гарсан эдгээр нийтлэлийг Монголоос захиалж бичүүлсэн гэх мэтийн яриа сошиал орчинд өрнөөд байна.
2021 онд С.Батболдын асуудал Нью-Йоркийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа тухай мэдээ түгж, экс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс түүнийг “Төрийн эргэлт хийгч” хэмээн цоллох өдрүүдэд “Сү-д юу тохиолдчихов оо?” хэмээн бичиж байв.
Гурван жилийн дараа ч мөн тэгж, “Түүнд юу тохиолдоод байна вэ?” гэж асуухад хүрлээ.
-Эхнийх Малайзын шүүх хурал-
Эхний сэдэв нь одоогоос хоёр долоо хоногийн өмнө, Малайзын шүүх дээр өрнөсөн. Тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разакт холбогдох авлигын хэргийг гуравдугаар сарын 19-нд шүүсэн. Хурлын үеэр С.Батболд нэрлэгдэж байгаа юм.
Төрийн өмчийн 1MDB компанийн охин компани болох SRC International-аас хэд хэдэн удаагийн төлөвлөгөөт бус гүйлгээ гарсан нь С.Батболдод холбогджээ.
Цаасан дээрх гэмээр Muraset гэж компанийн дансанд 14.9 сая ам.доллар шилжсэн. Энэ компанийн захирал Чон Чу Юн гэгч нь С.Батболдын түнш, түүний тохироогоор Samsunt S&T-гийн Монгол дахь захирлаар ажиллаж байсан. Энэ мөнгөнөөс С.Батболдын өөрийн хүү Баттүшиг, хамаатны хүү Дашийн Уранбилэг, Чон Чу Юний гэр бүлийн хүн рүү тус тус шилжсэн. Мөн дахиад С.Батболдод хамаарах хоёр компани руу гүйлгээ хийсэн талаар шүүх хурлын үеэр мэдэгдсэн.
Нажиб Разак, С.Батболд нар нэг цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм билээ.
-Хоёр дахь нь, АНУ-ын шүүх хурал-
Хоёр дахь сэдэв нь энэ долоо хоногт, АНУ-д сөхөгдөж байгаа юм. Хэрэг явдлыг бүр BBC эхэлж мэдээлснийг онцлууштай.
АНУ-ын прокурорууд нийт 14 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд энэ нь С.Батболдын өмчлөлд хамаардаг аж. Прокурорууд “Уул уурхайн гэрээнээс олсон мөнгийг хууль бусаар угааж, тансаг амьдралдаа ашигласан” гэж мэдэгдээд байна.
Тодруулбал, Холбооны мөрдөх товчооны захирлын туслах Жэймс Смит “Авлигаас ашиг хонжоо олсон С.Батболдын үйлдэл хууль дээдлэгч ард түмнээ хохироолоо” гэж ярьсан байгаа юм.
Уул уурхайн гэрээ байгуулсны дүнд Catrison гэсэн компани дээр 68 сая ам.доллар шилжүүлж авсан нь нотлогдсон гэнэ. Шүүх прокурорын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзвэл хоёр үл хөдлөх хөрөнгийг хураана. Энд С.Батболдын хүү Баттүшиг амьдарч байжээ.
Яах аргагүй үйл явдал. Монголоос захиалж бичүүлдэг гэх яриа заримдаа ортой явдаг. Нийтлэл гарсан хэвлэл мэдээллийн байгууллага нь том биш, автор нь түүхгүй, эсвэл заримдаа монгол нэр тууж явах нь цөөнгүй. Түүнийг энд орчуулж, “Гадаадын хэвлэлд мэдээлжээ” хэмээн онцолдог жишиг бий нь үнэн. Хамгийн гол ялгамж нь, цаг үеийн шинжгүй, үйл явдлаас хол, дарагдмал асуудлыг сөхдөг.
Энэ удаа хоёр долоо хоногийн зайтай, хоёр улсын шүүх дээр С.Батболдын нэр хэлэгдсэн нь яах аргагүй анхаарал татсан.
-Өмнөх Нью-Йоркийн шүүх хурал дээрх явц хэрхсэн бэ-
2021 онд Нью-Йоркийн шүүхэд С.Батболдын асуудал хэлэлцэгдэх үеэр мөн томоохон дуулиан дэгдэж байлаа. Үнэндээ, Нью-Йоркийн шүүхийн сайт руу орж үзвэл хэргийн материал байж л байсан. 1000-аад хуудас материал татаж аваад, нэгтгэн дүгнэхийг оролдож байв. Түүнийг нэгд нэггүй УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэж аваад, талбай дээр өлсгөлөн зарлаж байсан удаатай.
Зэрэгцээд, дотоодод С.Батболдын нэр дээр хэрэг үүссэн ч хаасан байдаг.
Нью-Йоркийн шүүх ч хэргийг хэлэлцэхээ зогсоосон. Энэ тухайд, тухайн үед ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд хандан албан бичиг явуулахдаа “Манай ЗГ-тай хамтран ажиллах боломжтой. Хэргийг сэргээн шалгах, шүүх хурлыг зохих хугацаанд нь хуралдуулбал зүйтэй. Мөн манай хэн гэдэг албан тушаалтны үүрэг чиглэлээр Нью-Йоркийн шүүхэд өрнөж байсан маргааныг зогсоох талаар хүсэлт явсныг тодруулж байна” хэмээн бичиж байлаа.
“Кинг энд Спалдинг” хуулийн фирм ЗГ-тай хамтарч ажиллаж байсан цаг.
Pandora Papers-т хүртэл С.Батболдын нэр л зарлагддаг. Олон улсад оффшор компани, авлигын асуудлаар хамгийн нээлттэй зарласан хүн бол Монголоос С.Батболд. Хэдэн жилийн өмнөх Нью-Йоркийн шүүх дээр өрнөөд зогссон явдал өдгөө мартагдсан. Одоо дахиад хоёр ч асуудал сөхөгдөж байна.
Зүгээр нэг улс төрийн шинжтэй гүтгэлгүүдээс эдгээр нь ялгамжтай харагддаг.
С.Батболд харин одоо УИХ-ын гишүүн хэвээр, чуулганы хуралдаан дээр үг хэлж ч сонсогдохгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй. С.Батболдын фракц Л.Оюун-Эрдэнэтэй учраа олж, зэрэгцэн орших шаардлагатай тулдаг нь мөн үнэн. Гэхдээ цаг хугацаа явж, нөхцөл байдал өөрчлөгдөж байна.
Өөрөөр хэлбэл, улайм цайм гадаад ертөнцөд нэр нь цоллогддог С.Батболдын асуудал энд ердөө “Гүтгэлэг, захиалж бичүүллээ” мэтийн тайлбартай сөхөгдөөд намждаг хандлага хэр удаан үргэлжлэх нь анхаарал татаж байна. Мөн хэр удаан үргэлжлүүлэх нь.
Эх сурвалж: https://eguur.mn/485161/ М.ТЭНГИС