Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлага өчигдөр цацагдлаа.
Харин нэвтрүүлгийн эфир дэх хуваарийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нүүр хуудастаа “Өөртөө дурласан эргүү дагз” гэж бичээд түгээв.
МАН руу, өнөө цагийн улс төрийн лидерүүд рүү нэг их ноцоод байдаггүй хүн. Гэвч учиртай байж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын гол G цэг нь Ц.Элбэгдорж юм байна.
Нэвтрүүлэг ерөнхийдөө өнгөрсөн жилүүдэд хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг сурталчлах, тоймлох зохиолтой хийгджээ. Гэхдээ улс төрийн шинжтэй том мессеж шидсэн нь Ц.Элбэгдоржид чиглэв.
Л.Оюун-Эрдэнэ бүрэн дүүрэн шууд утгаар:
- С.Зориг агсны хэрэг
- “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал
- МАНАН бүлэглэл
- Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын автор нь Ц.Элбэгдорж гэж мэдэгдэв.
Хөшигний ард ч дуулдаагүй хэд хэдэн үг “эшиллээ”.
Тухайлбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс бууж, Х.Баттулгад тамга гардуулчхаад зөрөх мөчдөө “С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй. Бусад нь надад хамаагүй” гэж хэлсэн гэнэ. Л.Оюун-Эрдэнэ “Энэ үгийг нь Х.Баттулга одоо нээлттэй яриасай” гэвэй.
Мөн МАХН, МАН хоёр хуваагдсаны дараа, МАН-ын даргын төрсөн өдрөөр Их тэнгэрийн аманд АН-ын дарга Н.Алтанхуяг, УЕП Д.Дорлигжав нарын хүмүүстэй уулзаад хундага тулгаж, “Та нарын ялалтыг шүүхээр баталгаажуулж өглөө шүү” хэмээсэн гэх.
Драмтай ч гэмээр, бас ноцтой мэдэгдэл ингэж хийлээ. Арайчиг Хөгжлийн банк, Нүүрсний хулгайд холбоотой гэчихсэнгүй.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг “Ц.Элбэгдоржийн талаар надаас илүү мэдээлэлтэй байж, одоо нээлттэй ярихыг хүсдэг” гэж түншээд авлаа.
УДШ-ийн нийт шүүгчдийн 50 хувийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үедээ томилсон статистикийг үзүүлээд, “Хэргүүд явж байна. Харин Ц.Элбэгдорж, түүнийг дагасан хүмүүсийн хэрэг л гацдаг” гэж онцолсон.
Ц.Элбэгдорж хаврын улс төр, УИХ-ын сонгуульд ямар нөлөөтэй оролцох нь одоогоор ил тод биш ч Л.Оюун-Эрдэнийн дараагийн онилох цэг тэр болсон нь үүгээр тодорхойлогдлоо.
Эх сурвалж: https://eguur.mn/485258/ Г.САНСАРМАА