Өндөр орлоготой энэтхэг иргэд гадаадад суурьшихын хэрээр тухайн улсынхаа эдийн засагт тэрбум тэрбумын хөрөнгө оруулж байна. Тухайлбал, Берлиний чинээлэг дүүрэгт амьдардаг Шубханги Шарма энэ сарын сүүлээр Хинду шашны баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Тэрбээр гэр бүл, найз нөхөддөө зориулж энэтхэг хоол, амттан сэлтийг авахын тулд ойролцоогоор 200 евро зарлагадана. Мөн төрөлх хот Делидээ айлчлах үедээ их хэмжээний мөнгө зарцуулж, үндэсний хувцас худалдан авчээ.
Тэдний гэр бүл долоо хоног тутамд хүнс, ойр зуурын хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалтад багагүй мөнгө зарцуулдаг. Мөн гурван сар тутамд гадаадад аялж, онгоцны тасалбар худалдаж авдаг.
“Би бүх хөрөнгөө Энэтхэгээс Герман руу шилжүүлсэн. Миний бүх хадгаламж энд байгаа. Би хувьцаа, биржийн арилжааны санд хөрөнгө оруулалт хийх дуртай. Герман руу нүүсэн нь надад эдийн засгийн эрх чөлөө, тогтвортой байдлыг өгсөн” гэж Шубханги Шарма ярьжээ.
Сүүлийн жилүүдэд Энэтхэгээс Германд нүүж ирсэн олон хүмүүсийн нэг бол Шарма. Өндөр ур чадвартай ажилчдад зориулсан визний зохицуулалтыг дагаад энэ тоо тогтмол өсч байна. Өндөр боловсролтой, англиар ярьдаг энэтхэг иргэд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр ихэвчлэн өндөр цалинтай ажил олж авдаг. Тодруулбал, бүтэн цагийн ажилчдын сарын дундаж цалин 4974 евро байна. Германчууд байшин худалдаж авдаггүй уламжлалтай. Харин Германд суурьшсан энэтхэгчүүд энэ чиг хандлагыг өөрчилж, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах болжээ.
Түүнчлэн Герман дахь энэтхэгчүүд хөрөнгийн зах зээлийн арилжаа, хамтын сан, биткойны хөрөнгө оруулалт руу шилжиж байна. Тэдний Энэтхэг рүү шилжүүлсэн мөнгөн гуйвуулга 2023 онд 125 тэрбум ам.доллар болж дээд амжилт тогтоожээ. Өмнөх онд 100 тэрбум ам.доллар байсан. Гэтэл эдгээр тоо нь бодит байдлаас хамаагүй бага дүнтэй байна гэх мэдээлэл ч гарсан.
Тэд нутагтаа хөрөнгө оруулж, эдийн засгийн хувьд томоохон нөлөө үзүүлэхээс гадна буцаж ирэхдээ компани байгуулж, олон тооны хүмүүсийг сургадаг. Гадаадаас ирсэн энэтхэгчүүд аж үйлдвэр, тэр дундаа мэдээллийн технологи, эмийн салбарт ихээхэн хувь нэмэр оруулжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд суурилсан дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-д энэтхэгчүүд хамгийн өндөр орлоготой үндэстний цөөнх болж байна. “Pew Research Center”-ийн мэдээллээс харахад АНУ дахь энэтхэгчүүд 2021 онд жилд дунджаар 120 мянган ам.долларын орлого олж байжээ. Гадаадад оршин суудаг энэтхэгчүүдийн 25 орчим хувь нь Энэтхэгт эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг.
Өнөөдөр Германд байгаа энэтхэг цагаачид маргааш АНУ, эсвэл Канадад байх боломжтой. Учир нь эдгээр бүх улс тэдэнд иргэний харъяаллын ижил төстэй тогтолцоог санал болгож байна.
НҮБ-ын мэдээлснээр 18 сая орчим энэтхэг иргэн Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод, Ази гэх мэтээр хилийн чанадад амьдардаг. Тэдний эдийн засгийн чадавх төрөлх нутгаасаа хальж, дэлхийн эдийн засагт өргөн цар хүрээтэй нөлөөлөх болсныг эдийн засагчид онцолж буй. Улам улам дижиталжиж, даяаршиж буй чөлөөт зах зээлд энэтхэгчүүд улам нөлөөгөө тэлэх төлөвтэй байна. Гагцхүү эх орондоо хөрөнгө оруулалт хийж, хамтарсан үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь хамгийн чухал аж. Энэ нь Энэтхэгийн цаашдын эдийн засгийн бодлогоос шалтгаална.
Эх сурвалж: BBC