Украины зэвсэгт хүчин наймдугаар сард хил даван довтолгоо хийж, ОХУ-ын Курск мужийн томоохон газар нутгийг хяналтдаа авсан. Украины цэргийн ахлах албан тушаалтан хэлэхдээ Курск мужид хяналтдаа авсан газрын 40 хувийг алдсан гэлээ. Украины довтолгооны эсрэг ОХУ олон арван мянган цэрэг Курск муж руу илгээсэн. Мөн Хойд Солонгосын 11 мянга орчим цэрэг тус мужид байлдаж байгаа гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Довтолгооны оргил үед Украин Курскийн 1,376 км квадрат талбайг хяналтдаа аваад байсан. Тэгвэл одоо хяналтад нь буй газар нутгийн хэмжээ 800 км квадрат болж буурлаа. Зеленский Курск дахь нөхцөл байдлын талаар ярихдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зорилго бол ирэх жилийн нэгдүгээр сарын 20 гэхэд Украин цэргүүдийг тус мужаас гаргах гэсэн юм. Тэрбээр “Энэ бүх мэдээ, шинэ пуужингаар цохилт өгч байгаа нь зүгээр нэг шоу биш. Тэр зорилго тавьсан” гэжээ.