Бангладеш улсад борооны улирал найм болон аравдугаар сард тохиож, үер буусны улмаас 75 хүн амиа алдаж зүүн болон хойд бүсэд газар тариалангийн хохирол их хэмжээд учирсан. Тэгвэл тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдэгдэл хийхдээ үерийн улмаас 1.1 сая тонн будаа сүйдсэн байна. Бангладешид хүнсний үнэ нэмэгдээд байгаа үед их хэмжээний будааны ургац сүйдсэн тул импортоо ихэсгэх хэрэгтэй болжээ.
Тус улсын засгийн газар хоол хүнсний үнэ нэмэгдэж байгаатай тэмцэхийн тулд 500 мянган тонн будаа яаралтай импортлохоор ажиллаж эхэлсэн байна. Үүнээс гадна хувийн өмчит компаниуд будаа импортлохыг зөвшөөрнө гэж Хүнсний яамны албан тушаалтан мэдэгдсэн юм. Бангладешид өнгөрсөн наймдугаар сард томоохон жагсаал болсны дараа Ерөнхий сайд Шейх Хасина нь гадаад руу зугтсан. Тус явдлын дараа төрийн эрхийг авсан засгийн газар хүнсний үнийн өсөлтийг барьж, тогтоохоор тэмцэж байгаа юм. Сүүлийн саруудад Бангладешид хүнсний үнэ 20 гаруй хувиар нэмэгдсэн байна.
Үер нь будааны ургацаас гадна хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүн, тухайлбал 200 мянган тонн гаруй ногоо сүйтгэжээ. Гамшгийн улмаас хөдөө аж ахуйн нийт хохирол 380 сая ам.доллар хүрсэн гэх тооцоо бий. Бангладеш бол дэлхийн гурав дахь хамгийн том будаа тариалагч орон. Тус улс хүн амдаа зориулж жилдээ нийтдээ 40 сая тонн будаа тариалдаг юм.
Эх сурвалж: Reuters