Балба улсын 18 настай иргэн Нима Ринжи Шерпа өчигдөр өглөө Төвөдийн нутагт оршдог Шишапангма уулын оргилд гарснаар дэлхийн нэгэн дээд амжилтын эзэн болжээ. Тэрбээр манай гарагийн хамгийн өндөр 14 оргилд гарсан хамгийн залуу хүн болж байна. Далайн түвшнээс дээш 8,000 илүү метрийн өндөртэй 14 уул байдгийг Олон Улсын Уулчдын Холбоо “найман мянгатууд” гэж нэрлэдэг юм.
16 настайгаасаа уулчин болсон Нима ердөө 740 өдрийн дотор дээрх оргилуудад гарч чаджээ.Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 30-нд 10 дугаар ангийн төгсөлтийн шалгалтаа өгсний дараахан дэлхийн найм дахь өндөр оргил болох Балбын Манаслуд гарч байсан юм. Үүнээс гадна дэлхийн хамгийн өндөр оргил Эверест болон түүний ойролцоох Лхоце оргилд 10 цагийн дотор гарч чадсан хамгийн залуу уулчин юм.
“Ууланд авирах нь бидний хувьд ажил хөдөлмөрөөс гадна хүч чадал, тэсвэр тэвчээр, хүсэл тэмүүллийн баталгаа юм. Бид зүгээр нэг хөтөч биш, бид бол зам мөр гаргагчид юм” гэж Нима хэлжээ.
Эх сурвалж: BBC