Боловсролын сайд П.Наранбаяр:
Хүүхдийн цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гарлаа. Өнөөдөр түүхий эдийн зардал 3000 төгрөг байна. Улмаар 1000 төгрөгөөр нэмэгдэж 60 гаруй хувьтай илчлэг авч байгаа хүүхдүүд 80 хувийн илчлэг авна гэсэн үг. Мөн хоолны чанар сайжирна. Энэ шийдвэр нь эхний удаад нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөрт 1000 төгрөг, сард 22 мянган төгрөг, жилд 190 мянган төгрөгийг хоолны түүхий эдийн зардалд зарцуулна.
Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар боловсролыг дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг төсвөөс бүрэн санхүүжүүлнэ. 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны түүхий эдийн зардал дээр дурдсанчлан 3000 төгрөг нийт 131.8 тэрбумыг санхүүжүүлсэн байна. Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын 58 хувь нь хоолны түүхий эдийн зардал, үлдсэн 42 хувь нь тогоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагджээ.