Нийслэлийн хэмжээнд энэ онд явган замын бүтээн байгуулалт, тохижилтыг хаана хийх талаар Улаанбаатар хотын захирагчийн албаны хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор жил бүр явган болон дугуйн замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг тогтмол хийж байна. Энэ оны хувьд бид төвийн магистраль замууд буюу Энхтайваны өргөн чөлөө, Их тэнгэрийн ам, Олимпын гудамж, Их тойруу, Сүхбаатарын гудамж орчмын зургаан байршилд явган хүний замын тохижилт, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр бүсүүдийн явган хүний замын насжилтын хугацаа нь дууссанаас зарим хавтангууд цөмөрч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Иймд дээрх зургаан байршлыг сонгон өргөтгөл, засварын ажлыг хийхээр болсон.
Улаанбаатар хотын хэмжээнд бүрэн хийгдэж дууссан 72.3 километр дугуйн зам бий. Шинээр тавигдах явган замыг судалгаа, шинжилгээ болон дүүргүүдийн санал хүсэлтээр хийж гүйцэтгэдэг. Тухайлбал, дүүргүүдийн хувьд эдгээр байршлуудад явган замын бүтээн байгуулалт хэрэгтэй байна гэж санал хүсэлтээ өгдөг. Дүүргээс өгсөн санал, хүсэлтийг авч батлагдсан төсвийн хүрээнд тодорхой ажлуудыг хийгээд явдаг гэж ойлгож болно. Өнгөрсөн жилийн хувьд Их тойруу болон Бага тойруугийн авто замуудыг шинэчлэн гүйцэтгэсэн. Энэ мэтчилэн ачаалал ихтэй байршлуудыг сонгож, санал хүсэлт авч байж явган хүний зам засварын ажлыг хийдэг. Энэ жилийн тухайд бид дээрх зургаан байршилд явган замыг шинэчилнэ. Явган замыг шинэчлэхэд зориулж төсөвт 35.6 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Энэ төсөвт дээр дурдсан зургаан гудамжны зураг төслийн ажил, зардал гээд бүгд багтсан байгаа” гэлээ.