Хөгжлийн банкны захирлаар З.Нарантуяа яригдаж байна. З.Нарантуяа нь 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож, АН-ын бүлэгт багтан ажиллаж байсан. 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч “шороодсон”. Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн цөөн ажил хэрэгч гээд Ардчилсан намын өнгөтэй хүүхнүүдийн нэг түүнд Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байгаа намын дарга Л.Гантөмөр энэ албан тушаалыг эрх мэдлийнхээ хүрээнд өгөхөөр яригдаж байгаа бололтой.
Сонгуульд намынхаа жагсаалтад асуудалгүй багтана гэж яригдаж байсан ч том мөнгөтэй хүүхнүүддээ жийгдэж, удирдлагуудтайгаа яс үзэлцэж, хурлын индрээс тэврүүлж буусан нь түүнийг жижигхэн биендээ баймгүй зоригтой шартай улстөрч болохыг нь харуулаад амжсан. Л.Гантөмөрийг намын даргын ажлаа хийхэд нь бичиг цаасанд санаа зовохгүй, толгой өвдөхгүй байхын төлөө ажилласан гэж намынхан нь З.Нарантуяагаа үнэлэх ч юм билээ.
Санхүү, эдийн засгаар улстөрийн имиджээ хийсэн, мэргэшсэн З.Нарантуяа Хөгжлийн банкийг удирдахад бүх талаараа нийцэж, олны таашаалыг хүлээсэн томилгоо болох хүн гэж улстөрийн хүрээнд ам сайтай байна.