Боловсролын зээлийн сангийн асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж буй энэ цаг үед 2020 онд Монголбанкны эссэ бичлэгийн уралдаанд илгээж шагналт байр эзэлж байсан эссэгээ санаад нийтлэхээр шийдэв. Уншаад өрөвдөхгүй байхыг хүсье.
Эцэст нь нас нэмэх тусам энэ нийгэм ямар шударга бус, энэ хүмүүс ямар ёс суртахуунгүй байдгийг алхам тутамдаа мэдрэхдээ өөрийнхөө түүхийг, өөрийнхөө хүч хөдөлмөрийг үнэлж, өөрийнхөө чин шударга байдлаар бахархдаг, хүлээн зөвшөөрдөг болж байгаа.Нэхий ширний үйлдвэрт арьс боловсруулж, ресторан пабд зөөгч, тогооч хийж, гар урлал, хатгамал оёдол… CD дээр кино шарж поркатлаж… Пиццаны брошур тарааж, хаалганд нааж, амталгаат худалдаанд зогсож… Мэргэжлээрээ хоёрдугаар курсээс хойш ажиллаж, 17 хоног морин аялалд явж… Сургуулиа төгссөнөөсөө хойш төрийн байгууллага, хувийн байгууллага, олон улсын байгууллагад ажиллаж… Хичээсэн цаг хугацаа минь надад хаана ч заахгүй ухаарлыг, хэний ч өгөхгүй тэсвэр тэвчээрийг суулгасан гэж бодож байна
…“Алив өглөөний хоолоо идээрэй. Өдрийн хоол савлачихсан. Хурдлаарай ирж байна” гэж эгч намайг дуудахад өглөөний гурван цаг л өнгөрч байв. Бурхан минь “энэ чинь өглөө биш, шөнө шүү дээ” гэж бодогдсон ч эгчдээ төвөг удахгүйг хичээн яаран босов. Усны гутлаа бариад, ажлын хувцсаа үүрээд зам руу гүйхэд гарын булчин задрах шахан өвдөж, хамаг бие хөндүүрлэнэ. Ийм өдөр 14 хоног л үргэлжилсэн. Гэвч түүнээс хойш өнөөдрийг хүртэл зургаан жил өдөр бүр ямар ч мөнгийг “270” төгрөгт хувааж боддог болсон. Жишээлбэл, 5900 төгрөгөөр кофе авна гэдэг миний хувьд ойролцоогоор 22 ширхэг “270” төгрөг төлнө гэсэн үг. 500 төгрөгөөр чихэр авна гэдэг хоёр ширхэг “270” төгрөг.
Тэр үед ажил хийнэ гэж догдолж байсан ч анх хаалгыг нь татаад л би бөөлжчихсөн. Учир нь заалны голд нэг давхар байшин шиг харагдах их хэмжээний ямааны арьс овоолчихсон, шалаар нь цустай ус урсаад, илжирсэн муухай үнэр хамар цоргиож хажуугаар нь сонин үнэртэй химийн бодис сэнхийнэ. Бөөн нэвсийсэн хувцастай хүмүүс хоёр тийшээ сүлжилдэж, машин тэрэгний түжгэнэх чимээ тээртэй санагдаж байв.
Үнэнийг хэлэхэд хорь ч хүрээгүй хоёр жаахан охины очих газар, ажиллах байр биш байлаа. Биднийг ажилланаа гэж гуйж байхад танил маань “та хоёр чадахгүй” гэж хэлсэн нь ч үнэн юм шиг санагдаж байв. Бушуухан гараад явъя гэж бодсон ч эгч маань нуруун дээр дарж өгч намайг тайвшруулангаа “Аниа нь ажиллачихъя аа. Чи таксидаад харьчих уу” гэж хэлсэн нь миний үлдэх шалтгаан болсон.
Учир нь эгч өөрөө бөөлжих гэж байсан ч тэсч байв. Тэгээд хэрхэн ажиллахыг заалгав. Овоолсон арьснаас аваад өөрийнхөө газарт зөөж аваачина. Бичихэд, уншихад амархан ч 300 орчим муухай үнэртэй, хүнд нойтон ямааны арьсыг зөөнө гэдэг хэцүү. Дараа нь арьснуудаа дотор талыг нь дээш харуулж дэлгээд химийн бодисоор будна. Химийн бодисоо арван литрийн хоёр саваар байн, байн зөөнө. Будсан арьсаа зөв эвхээд дээр дээрээс нь давхарлаад цэгцтэй өрнө. Тийм их арьсыг газраар байлгаад байвал дараагийнх нь арьсыг будаж чадахгүй шүү дээ. Химийн бодис нь шингэж арьсыг нь зөөллөх хүртэлх хугацаанд өдрийн цайгаа ууна. Ингээд л буцаад ажиллаж эхэлнэ. Нөгөө будсан арьсаа тасралтгүй маажиж, зулгааж, самардсаар арьснаас үсийг нь салгана.
Духанд бурзайсан хөлс нүд рүү урсгаж хорсгоно. Тэгсэн ч арчих завгүй. Хамраас хөлс бөнжигнөн доош дусална. Өглөө сэрэхэд хуруунууд бүгд хавдчихсан, гарын булчин задрах шахан өвдөнө. Нуруу татна. Гэтэл нэг ямааны арьсыг ингэж үснээс нь салгахад үнэлгээ нь ердөө 270 төгрөг байв.
Зөөж, будаж, өрж, үсийг нь салгах гэж маажиж, зулгааж, самардсаны эцэст хоёр ширхэг 100 төгрөг, нэг ширхэг 50 төгрөг, хоёр ширхэг 10 төгрөг авна. Инээдтэй бас гомдолтой ч юм шиг. Гэвч хамгийн чухал нь 14 хоногийн дараа өглөөний 5 цагаас оройны 12 цаг өнгөртөл тасралтгүй ажиллаад авсан 7506 арьсны хоёр ширхэг 100 төгрөг, нэг ширхэг 50 төгрөг, хоёр ширхэг 10 төгрөг нийлээд нэгдүгээр курс, хоёрдугаар курсийн хоёр оюутан охины сургуулийн төлбөр болсон юм. Дуслыг хураавал далай гэж энэ л байх. Тиймээс л 270 төгрөг надад асар их мөнгө шиг санагддаг.
Саяхан би ээж хад руу очихдоо хүслийн хадаар дайрсан юм. 5000, 10000 төгрөгийг хаданд нимгэртэл нь үрж зүлгээд түрүйвчиндээ хийнгүүтээ хөдлөхгүй хүйтэн чулуунаас хүслээ гуйгаад 500, 1000 төгрөгийг булан руу юу ч болоогүй мэт шидэж орхих хүмүүсийг хараад гайхсан.
Энэ үйлдлээ дагаж хийхийг уриалахад нь “үгүй” хэмээн татгалзахад “хүсэл чинь биелэхгүй”, “ёс мэддэггүй”, “биеэ тоосон” болоод хувирчихсан. “Бурхнаас мөнгө харамласан гэмтэн болсон” тэр үедээ хүмүүсээс ичэж зогссон ч одоо хийсэн үйлдэлдээ харамсахгүй байна. Овоонд мөнгө, чулуунд мөнгө, газарт мөнгө өргөх монголчуудын энэ мухар сүсэг бишрэл, итгэл үнэмшил нь ёс заншил болон дархлагдаж татгалзсан нэгэндээ “таван төгрөг бурхнаасаа хармалсан ял” тулгах хүртлээ хөгжсөн нь харамсалтай. Монголбанкны ОНБМТ-ийн захирал нэг ярилцлагадаа “иргэд мөнгийг нугалах, базах, урж тастах, юм бичих зэргээр зохисгүй харьцсанаас болж гүйлгээн дэх хуучирсан, хиртсэн, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт дахин ашиглах боломжгүй, муу мөнгөн дэвсгэртийн тоо хэмжээ улам нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг устгаж, дахин хэвлэдэг” гэдгийг онцолсон. Бидний ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөнөөсөө хувьчлан өгсөн татвараас л энэ мөнгө гардаг байх.
Гэвч Монголд ажил хийгээд татвараа төлдөг хүн цөөн учир бас л ойлгохгүй. Хөдөлмөрлөж мөнгө олоогүй хүн түүний үнэ цэнийг ойлгодоггүй биз.
Сүсэг бишрэлийн зорилгоор газарт булсан, суварга босгоход хийсэн, уул овоонд өргөсөн жижиг дэвсгэртүүд зах зээлд эргэлдэхгүй түгжигдэж, устаж байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж дам утгаараа худалдаж авах талханд нь үнийн өсөлт үзүүлэхэд багахан ч гэсэн нөлөөлнө. Эсвэл идэх талхны мөнгөө олж чадахаа болих уу гэдэгт хүргэнэ.
Ерөөсөө л ихэнх монголчууд 10 төгрөгний үнэ цэнийг ойлгодоггүй.
Нэмэгдсэн ч тоохгүй, алдсан ч тоохгүй. Харин тэр 10 төгрөг нь 10 тэрбумыг бүрдүүлдэг гэдгийг хөдөлмөрлөсөн хүн л мэдэрдэг, ойлгодог.
Ядуу буурай улс орнуудад цаасан мөнгө 2–3 жил хэрэглэгддэг бол өндөр хөгжилтэй улсад 10–12 жилийн настай байдаг юм гэнэ лээ. Монголчуудын хөдөлмөрлөж мөнгө олох гэсэн сэтгэлгээнээс илүүтэй чулуунаас гуйгаад хүслээ биелүүлэх гэсэн муйхар бодол, залхуурлын дон мөнгөн тэмдэгтийн насжилтыг 3.8 жил болгоод зогсохгүй, улсаараа ядуу буурай, хөгжилгүй байхад хүчтэй нөлөөлж байгаа гэлтэй.
Монголын гурван хүн тутмын нэг нь ядуу бөгөөд сард 45 мянган төгрөг буюу өдрийн 1350-хан төгрөгөөр өл залгадаг. Гэсэн ч архидалтаараа азидаа тэргүүлдэг. Ажилгүй гурван хүн тутмын хоёр нь 40-өөс доош насны бие эрүүл, ухаан саруул идэрчүүд. Тэд болоогүй 10 төгрөгийг мөнгө гэж тоохгүй, хэнэггүй хаяж орхидог. Хөдөлмөрийн насны 130 мянган хүн ажилгүй, төрөөс халамж горьдон өдөр хоногийг өнгөрөөж байна. Ажилгүй ч 600 мянган төгрөгний цалинтай ажлыг голж байна. Харамсаад ч баршгүй.
Монгол улс ардчилсан нийгэмд шилжээд чилийсэн 28 жилийг өнгөрөөхдөө хөгжлийн дөнгө болсон ажилгүйдэл, ядууралтай тэмцсээр буй ч ялж чадсангүй. Учир нь 10 төгрөг нэгдээд 10 тэрбумыг бүрдүүлдэг гэдгийг иргэд нь ухамсарлаагүй. 10 тэрбумтай хүмүүс нь тэр хөрөнгөө хөдөлмөрөөрөө олоогүй.
Хөдөлмөр хүний мөнгөнд хандах хандлагыг өөрчилдөг. Ард нийтээрээ хөдөлмөрлөсөн улс л хөгждөг. Учир нь хөдөлмөрлөж олсон мөнгөө хүн газарт хаяж, овоонд өргөдөггүй. Хэрэггүй зүйлд үрдэггүй. 10 төгрөгөө хэмнэсэн хэн нэгнийг “ёс мэдэхгүй” гэж зэмэлдэггүй. Харин хэтэвчиндээ хийгээд ирээдүйдээ зарцуулдаг.
Хэтэвчиндээ үлдээсэн хоёр ширхэг 100 төгрөг, нэг ширхэг 50 төгрөг, хоёр ширхэг 10 төгрөг бүрийг нийлүүлсээр эгч бид хоёр сургуулиа амжилттай төгсөж чадсан. Мэргэжлээрээ ажилласан. Гэр хорооллоос нүүж байранд орсон. Би хоёрдугаар курсээсээ л Солонгосын яамнд мэдээ бичиж сардаа сэтгүүлчийн цалингаа олж эхэлсэн. Тэр нэгдүгээр курсэд хийсэн ажил намайг мэргэжилдээ эзэн болох ёстой юм байна гэсэн ухаарлыг суулгасан. Өнөөдөр би өөрийгөө санхүүгийн хувьд эрх чөлөөтэй хүн гэж хэлж чаднаа. Яагаад гэвэл би нэг ширхэг 100 төгрөг, нэг ширхэг 50 төгрөг, хоёр ширхэг 10 төгрөгний үнэ цэнийг мэднэ. Тиймээс хэн ч юу ч гэж хэлсэн би “бурхан”-аас харамлаж түрүйвчиндээ үлдээсэн 10 төгрөгөөсөө хэзээ ч ичихгүй гэдгийг хэлэхийг хүслээ. Тэр 10 төгрөг 270 төгрөгний минь нэг хэсэг байсаар ирсэн. 10 төгрөг бүрийг би өнөөдрийг хүртэл өөрийнхөө хөдөлмөрөөр, хөлсөөр олж, цуглуулж, зарцуулж, хураасаар ирсэн.
(10 жилийн өмнө тэр ажлыг хийсний дараа гүэ мөн булчинлаг, шөрмөслөг болцон байсан шүү ххэ. 3 жилийн өмнө ингэж бичиж байв. Харин яг энэ шагналыг авахаас 7 хоногийн өмнө 1 хөрөг нийтлэлийг 2 сая 800 мянган төгрөгөөр бичиж байжээ. Одоо бол хамгийн дуртай ажлаа хийгээд хамгийн гоё аргаар мөнгө олж байгаа гэж өөрийгөө боддог.)