Циркд 2008 онд “Жуманжи парк Монголд” гарч байсан та нар санаж байна уу. Тэрийг манай сургуулийн хүүхдүүд бөөнөөрөө очиж үзэж байв аа. Яг цирк үзээд сууж байтал хойноос тог тог тоншоод эргээд харсан чинь “дэлгүүрийн аниа та дэлгүүртээ суухгүй энд юу хийгээд суугаад байгаан” гээд асууж байсан юм.( 67 р сургуулийн урд талын Бадмаараг)
Намайг маш олон хүүхэд бас маш олон ах эгч нар “дэлгүүрийн охин” гэж дууддаг. Энэ нэрэндээ бүр дасчихсан. Тэгээд гэнэт 8 жил дэлгүүрт суусан худалдагчийн туршлагадаа үндэслээд гэртээ харих замдаа хэдэн зүйл бичие гэж бодлоо.
Нэг: Ядуу эцэг эх хүүхдэдээ баян хүнээс илүү их чихэр авч өгдөг
Цэмбэгэр хувцасласан зузаан түрүүвчтэй хүн хүүхдээ дагуулж орж ирвэл ихэвчлэн зорилготой байдаг. Баллуур эсвэл ундаа. Итгэл төгс хэлэх нь төлөвлөсөн гэдгийг нь илтгэдэг юм. Ийм хүмүүс ихэвчлэн өөрөө цэвэрхэн хувцасласан байдаг бөгөөд хүүхдийнхээ үсийг ч толийтол самнаж хиргүй хувцас өмсгөсөн байдаг. Авах ёстой зүйлээ аваад гарахдаа 10 төгрөг хариулж өгсөн ч тэнийлгэж дэлгээд түрүйвчиндээ хийдэг.
Харин хүүхдийнхээ хувцсыг ч бүрэн өмсгөөгүй, гутлаа өшиглөсөн хүн хүүхдэдээ илүү их чихэр авч өгдөг. Дэлгүүрт орж ирээд юу авах вэ гэж хэд, хэд тойроод харагдсан бүхнээ аваад 100 төгрөг үлдэхэд энд тааруулаад чихэр өгчих гэж сарвайдаг. Үлдсэн мөнгөнд нь таарах юу байна гэж заавал асуудаг юм даа.
Хоёр: Эцэг эхчүүд хүүхдийнхээ бодлыг асуудаг ч хүндэлдэггүй. Эцэг эхчүүдийн хамгийн их гаргадаг алдаа нь хүүхдээсээ “юу авах вэ” гэж асуудаг. Тэгээд тэрийг авъя гэж хүүхэд нь заахад угдчиж загнаад мөнгө хүрэхгүй тэрийг ав эсвэл энүүгээр яахын энийг ав гэж тулгадаг.
Энийг та ажиглаад үзээрэй. Бүр хүн бүр ингэдэг. Хэрвээ үнэхээр л та өөрөө сонгочих байсан юм бол хүүхдээсээ асуух ямар хэрэг байна гэж би дотроо бараг 1 мянган удаа бодсон байх шүү. Ээжид нь тэдэн төгрөг бий. Чи үүнийг авах уу. Юу гэж бодож байна гэж асуудаг эцэг эх тун цөөн.
Гурав: Арчаагүй эцэг эх хүүхдээ хоцроодог. Харин эртэч хүүхэд онц сурдаг байх гэж таамаглаж байна. Бүр илт байдаг юм. Угдчиж, зандраад чирж орж ирээд хоцорчихлоо “нэг ундаа, нэг печень” гэж хэлэх нь хүүхдэдээ цай хоолыг нь өгөөгүй чирээд аваад гарч ирсэн гэдгийг илтгэдэг юм даа. Ээж нь худалдагчийг Хурдлаарай, хурдлаарай гээд орилж загнаж байхад хүүхэд дэргэд нь өглөөг тайван бус эхлүүлж байдаг юм шиг санагддаг. Хичээлдээ ороод суухдаа ч төвлөрөх гэж цаг зарцуулдаг байх. Ийм хүүхдийн ихэвчлэн нус нь гоожсон, хацар нь сайртсан байх нь элбэг.
Харин өглөө буюу хичээл эхлэх цагаас тээр эрт хүүхдээ дагуулж орж ирсэн аав, ээж хүүхдийнхээ цайг нь уулгаад, нүүрийг нь угаагаад авч гарч ирсэн нь илт. Тийм хүүхдийн нүүрэнд нь цог, нүдэнд нь гал дүрэлзэж байдаг.
Би эцэг эхчүүдийг өглөө хүүхдийнхээ цайг уулгаад тайван хичээлд нь хүргэж өгөөсэй л гэж боддог. Ундаа печенээр өглөөний цай залгуулдаг хүүхдийн тоо цөөхөн байгаасай.
Маш жижигхэн ялгаа том өөрчлөлтийг авчирдаг.
Дэлгүүрийн охинд нь хэлэх юм зөндөө л байна даа. Энэ автобус жаахан дулаахан болчоосой. Гар даарчихлаа.
2019.02.15