Өнөөдөр ИЗНН-аас жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ гэлээ. Ойрын өдрүүдэд дуулиан тариад байгаа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад холбогдох асуудлаар мэдээлэл хийж магадгүй гэж хэвлэлийнхэн таамаглаж байна. Түүний онлайн худалдааны лайвын талаар төрийн байгуулалтууд бичиг цаас шидэлцэж, шинэхэн гишүүн ёстой л нохой шувуу шуугиулахгүй явдаг хүн биш гэдгийг харуулж байна. Эрхэм гишүүн ч мөчөөгөө өгөхгүй цалингаа голж ийм цалингаар зочидоо кофегоор дайлж чадахгүй шүү гэхчлэн цахим орчинд үг шидэлж байна.
Гэхдээ түүний дуулианы зэрэгцээ олон нийтийн сүлжээнд жиргээч, нийтлэлчид тэгш бус хандлагын талаар нийтлэх болсон. Тухайлбал Соёлын сайд Ч.Номин өөрийн эзэмшлийн зочид буудалдаа олон улсын арга хэмжээ зохин байгуулахдаа татвар төлөгчдийн мөнгийг захиран зарцуулсан уу, эс бол намынхаа мөнгийг ашигласан уу гэж асууж байна. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд ТББ-ын статустай байгууллага удирдсан хэвээрээ байгаа тухай ч шударга эсэхийг тодруулж асууж байна.