Үндсэн хуулийн 29 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох бөгөөд…
УИХ-ын гишүүн М.Нарантуяа Нара өнгөрөгч амралтын өдрүүдэд гэр бүлийн гишүүний хамтаар Хятад улс руу зорчиж, бизнесийн зорилготой лайв хийсэн нь тодорхой хууль, журмуудыг зөрчсөн байна гэж Их Хурлын тамгын газраас Ёс зүйн дэгийн байнгын хорооны дарга руу албан бичиг хүргүүлжээ .
Энэ бичигт дурдсанаар бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүн Монгол Улсын Их Хурлын гишүүн гадаад явахад дагаж мөрдөх журмыг зөрчсөн байна. Тухайлбал гишүүн алба амины ямар ч ажлаар хилийн дээс алхах гэж байгаа тухайгаа тамгын газарт 5 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой ажээ. Албан тоотод зааснаар Үндсэн хуулийн 29 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох бөгөөд харин үүнээс бусад тохиолдолд хуульд заасан УИХ-ын гишүүний үүрэгт нь үл хамаарах аливаа албан тушаал хашиж болохгүй, ажил эрхэлж болохгүй гэж заасан байдаг юм байна.
Ашиг олох зорилгоор цахим орчинд “live” хийх нь “аж ахуйн үйл ажиллагаа” гэж үзэх үндэслэлтэй гэж тодорхой эх сурвалжууд мэдээлж байгаа ба тийм бол энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийнх нь хугацаанд хязгаарлагдсан үйл ажиллагаа болно.
УИХ-ын Ёс зүйн хороо болон холбогдох эрх бүхий байгууллага энэ талаар шалгаж, зохих зохих шийдвэрүүдийг гаргах байх. Ямартай ч энэ 2024.08.19-08.23 өдрүүдэд ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалалд энэ тухай одоогоор байхгүй байна.