БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Ц.Уранчимэг мэдээлэл өглөө.
Монгол Улсад соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг барих, зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, худалдаалах, гадаад улсад гаргах зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 224-р тогтоолоор хийдэг болсон. Амьтны тухай хуульд зааснаар идлэг шонхор шувууг зургадугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд 350 ширхэг агнах зөвшөөрөл өгдөг. Амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр идлэг шонхор шувуу 20 сая 880 мянган төгрөгийн үнэлгээтэй. Байгалийн нөөцийн төлбөрийн тухай хуулийн дагуу амьтны нөөцөөс олсон орлогын 50 хувийг бусад ховор амьтдыг хамгаалах арга хэмжээнд захиран зарцуулахыг заасан байдаг. Өвөрхангай аймгийн 12 сумд нийт 39 шонхор шувуу барьсан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар 814 сая гаруй төгрөг Өвөрхангай аймагт орлого болон орсон.
Өвөрхангай аймгийн иргэнээс ирсэн гомдлын дагуу ажлын хэсэг гарч, тухайн аймгийн таван сумын нутаг дэвсгэр дээр хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулсан. Шалгалтаар шонхор шувууг барихад ашигладаг ногтруу, тагтаа зэрэг шувууг зөвшөөрөлгүй, хэтрүүлэн барьсан зөрчлийг илрүүлж, 52 шувууг байгальд эргүүлэн тавьсан. Төв аймагт хийсэн шалгалтын хүрээнд есэн ширхэг шонхор шувууг илрүүлж байгальд нь тавьсан. Харин Баянхонгор аймагт хийсэн шалгалтаар 50 тагтаа, 14 ногтруу шувууг илрүүлсэн. Мөн тухайн холбогдогч этгээдүүдэд зөрчлийн тухай хуулийн дагуу захиргааны шийтгэл оногдуулсан.
Ц.Уранчимэг: Хэтрүүлэн барьсан зөрчлийг илрүүлж, 52 шувууг байгальд эргүүлэн тавьсан