Улаанбаатар хот 1,250 км хатуу хучилттай авто замтай. Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг. Ийн их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас нийслэлийн хэмжээнд өглөөнөөс хойш үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг үе шаттайгаар соруулж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Өнөөдөр 06:00 цагаас эхлэн орсон борооны улмаас Тахилтын нүхэн гарц, Нарны гүүрний урд хэсэгт ус тогтсон. Энэ хүрээнд ГУББГ болон дүүргүүдийн Онцгой байдлын газрын нийт дөрвөн шуурхай бригад 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10 гаруй машин механизм, өндөр хүчин чадлын дөрвөн зөөврийн ус соруулах насостой ус соруулж байна. Ийнхүү Нарны гүүрний урд хэсэгт тогтсон усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо. Мөн Дунд голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн гол руу гаргалгаатай шугамуудын ус буцаж хальж гарах нөхцөл үүсдэг. Иймд ГУББГ-аас түвшин бага, урсгалаараа удаан ус авдаг байршлуудад нэмэлт өргөн насос суурилуулан, худаг хийхээр төлөвлөж байна” хэмээв.
Түүнчлэн энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ хүрээнд эхний ээлжид Төв цэнгэлдэх, Дарь-Эх болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд борооны ус зайлуулах шугам хоолойг угсарч дууссан. Бороо орж буй үед мэргэжлийн байгууллагуудаас шуурхай бригадууд гарч, ус тогтсон байршлуудад үзлэг шалгалтыг тогтмол хийдэг гэдгийг онцоллоо.
Ташрамд, ЦУОШГ-аас мэдээлж буйгаар Улаанбаатар хот орчмоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар орж буй бороо өдөртөө үргэлжлэн орж, үдээс хойш эрч нь сулран 17:00 цагийн орчимд зогсох төлөвтэй байна. Мөн зургаадугаар сарын 28, 29-ний өдрийн үдээс хойш түр зуурын аадар орох төлөвтэй байгаа тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, СӨХ-ууд эрсдэлийг урьдчилан тооцоолж, дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС