Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер, ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Улаанбаатарт өнөөдөр 15:00 цаг хүртэл бороо үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлээд байна.
Зургаадугаар сарын 27-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +28…+33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор дуу цахилгаантай бороо орно.
Сэрэмжлүүлэг
- Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд хүлээн авах
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах
- Баталгаат зам, гүүрээр зорчих
- Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх
- Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЦУОШГ, НОК, ОБЕГ