Хятадаас хууль бус цагаачдыг тансаг ангиллын автомашинаар зөөвөрлөдөг сүлжээг илрүүлснээ Италийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
“Италид олон жил амьдарсан, итали хэлээр ярьдаг хятад хүмүүсийн жолоодсон өндөр үнэтэй автомашины зорчигчийн суудалд цэвэрхэн хувцасласан, ачаа тээш багатай Ази хүмүүс ирдэг” болсон нь уг сүлжээг илрүүлэх сэжүүр болсныг цагдаагийн мэдэгдэлд өгүүлсэн байна.
Тэд ийм аргаар хөрш Словени улсаас газраар хууль бус цагаачдыг тээвэрлэдэг байжээ.
Мөрдлөгийн явцад Хятадаас цагаачдыг Сербид авчирч, дараа нь Босни, Хорват, Словени улсуудаар дамжин Италид авчирч байсныг тогтоосон байна.
Өндөр үнэтэй, тансаг ангиллын автомашинаар зорчиж буй тэднийг эхэндээ цагдаа нар хууль бус цагаач гэж сэжиглэдэггүй байсан бололтой.
Ирсэн цагаачдыг Венец хот дахь нууц байранд нэгээс хоёр хонуулсны дараа Италийн бусад хэсэгт, эсвэл Франц, Испани зэрэг улсууд руу хуваарилдаг байжээ.
Ингэхдээ тэдний паспортыг хураан авч, Европт авчирсан зардлыг нь бүрэн төлж барагдуулах хүртэл боолын хөдөлмөрт зүтгүүлдэг байсан гэнэ.
Нууц сүлжээг илрүүлэх ажиллагааны үеэр хууль бус 77 цагаачийг олж саатуулсны нэлээд хэсэг нь эмэгтэйчүүд болон 15-18 насны хүүхдүүд байсныг Италийн цагдаагийн алба мэдээлжээ.
Эх сурвалж: AFP