Хүйсээ солиулснаа нээлттэй зарласан Оросын анхны улстөрч өнгөрсөн сард өөрийн төрөлх хүйсийг буцаан сэргээх болсноо зарлаж байв.
Юлия Алёшина өнгөрсөн онд ОХУ-ын Алтайн хязгаарын захирагчийн сонгуульд сөрөг хүчний Иргэний Санаачилга намаас өрсөлдсөн ч удалгүй нэрээ татаж байсан юм.
Өнгөрсөн сард тэр гэнэт өөрийгөө “эр хүн” болохыг ойлгож, хүйсээ буцаан солих болсныг сошиал хуудсаараа зарлаж байжээ.
Улмаар нэрээ Роман Алёшин болгосон байна.
“Би өвөг дээдсийнхээ хуучин гэрэл зургийн цомгуудыг үзэж, тэдэнд залбирч байхдаа эр хүн гэдгээ ойлгож ухаарлаа. Би эх оронч хүн учраас өнөөдөр Орос улсад амьдарч байна. Би Оросын бүх ард түмнээс уучлал гуйж байна” гэж тэр тухайн үед Телеграм хуудсандаа бичиж байжээ.
Харин Алёшина өчигдөр “Новая Газета Балтия” чөлөөт сонинд өгсөн ярилцлагадаа яагаад ийм шийдвэр гаргах болсноо тайлбарласан байна.
Оросын эрх баригчид өөрийг нь сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхээр төлөвлөж байгаа тухай албаны эх сурвалжаас мэдээлэл авсан тул ингэхээс өөр аргагүй болсныг тэр ярьжээ.
“Миний тав, зургаадугаар саруудад Телеграм хуудсандаа бичсэн зүйлс энэ дарамт шахалт, айдастай холбоотой. Өвлөөс хойш би маш их айдастай байгаа” гэж Алёшина тайлбарласан байна.
Зөвлөлтийн үед сөрөг үзэл бодолтой хүмүүсийг эрх баригчид сэтгэцийн эмнэлэгт хорьж шийтгэдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд ОХУ-ын эрх баригчид энэ аргыг сэргээн хэрэглэх болжээ.
Өчигдрийн ярилцлагадаа Алёшина сэтгэл санааны дэмжлэг авахаар Оросын үнэн алдартны сүмд хандсан ч маш “хүйтэн” хариу авснаа дурссан байна.
Түүнийг Алтайн хязгаарын захирагчийн сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татсаны дараа ерөнхийлөгч Путин хууль эрх зүйн болон мэс заслын аргаар хүйсээ солиулахыг хориглох тухай хууль баталсан юм.
Үүнээс хойш хэдэн сарын дараа ОХУ-ын дээд шүүх олон улсын LGBT хөдөлгөөний үйл ажиллагааг хориглосноор хууль хүчний байгууллагууд бэлгийн цөөнхийн эсрэг чиглэсэн арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Эх сурвалж: The Moscow Times