Өчигдөр орой Төв аймгийн Баянцогт сумаас Эмээлт рүү мал тууж явсан иргэн бороон шамарганд мал туух боломжгүй байна гэсэн мэдээллийг 19:00 цагийн үед гэрийнхэндээ өгчээ. Гэрийнхэн нь тухайн байршилд очоод олохгүй цагдаад мэдэгдэж, эрлийн ажиллагааг явуулж байгааг НОК мэдээлсэн юм.
Уг иргэнийг олсон эсэх талаар ОБЕГ-аас тодруулахад “Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны Эмээлтэд хоёр иргэн малаа хариулж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнө 01:15 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, “Цагаан хөтлийн даваа” гэдэг газраас зүүн тийш 13 км-т төөрч, бээрсэн байдалтай хадны ёроолд сууж байсныг 04:48 цагт эсэн мэнд олсон байна” гэж мэдээллээ.
“Улаанбаатар хотод өнөөдөр өдөртөө бороотой, шөнөдөө ахиу хэмжээний, төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно.
Маргааш буюу зургаадугаар сарын 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүснэ.
Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байх, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх”-ыг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.