Энэтхэгийн Тамил Наду мужид хууль бусаар найруулсан хортой архи уусан 34 хүн нас баржээ. Тодруулбал, Мягмар гаригийн шөнө Каллакуручи дүүрэгт хортой архи уусны дараа олон тооны хүн бие нь тавгүйрхэж, эмнэлэгт хандсан байна. Хүнд хэлбэрийн суулгалт гэх мэт зовиуртай дор хаяж 80 хүн одоогоор эмнэлэгт эмчлүүлж байна. Мөн толгой эргэх, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, гэдэс өвдөх, нүд өвдөх зэрэг шинж тэмдэг ч илэрч байгаа аж.
Нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдээллээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор хоёр хүнийг мөрдөн шалгаж байна. Мөн цагдаагийн хоёр ахлах ажилтан, хилээр хууль бус согтууруулах ундаа нэвтрүүлэх явцыг хянадаг байгууллагын 10 ажилтанг сэжиглэж байна.
Энэтхэгт хууль бусаар найруулсан хортой архинаас болж жил бүр олон 10 хүн нас бардаг. Хууль бус архи үйлдвэрлэгчид ихэвчлэн метанолыг архинд хольдог аж. Метанол нь алкохолны маш хортой хувилбар бөгөөд зарим тохиолдолд хөлдөлтийн эсрэг зорилгоор ашиглагддаг. Хордолтын хэмжээнээс шалтгаалаад нүд сохрох, элэг гэмтэх, цаашилбал үхэлд хүргэх аюултай.
Нас барсан хүмүүсийн ар гэрт нэг сая рупий буюу 12 мянган ам.доллар, эмнэлэгт байгаа хүмүүст 50 мянган рупийгийн нөхөн төлбөр тус тус олгохоор болжээ.
Тамил Наду мужид хортой архины хэрэглээг хязгаарлах хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэж сөрөг хүчнийхэн эрх баригчдыг шүүмжилдэг. “Хууль бус архины улмаас хүмүүс нас барж буй нь Тамил Наду мужийн хөгжлийг 40 жилээр ухрааж, 1980-аад онд аваачиж байна” гэж Бхаратия Жаната намын тэргүүн К Аннамалай хэлжээ.
Эх сурвалж: BBC