Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн үнэт цаас гаргаж арилжих тухай болон бусад асуудлыг хэлэлцэж, баталлаа.
Үнэт цаасны хувьд 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван сая ширхэг хүртэлх нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргаж үе шаттай арилжихаар төсөлд тусгасан юм.
Мөн нийслэлийн дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд туссан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор нэг их наяд төгрөгийн 100 мянган төгрөг хүртэлх нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах төслийг Нийслэлийн ИТХ-аас дэмжиж баталлаа.
Нийслэл үнэт цаас арилжаалж төвлөрсөн хөрөнгийн эх үүсвэрээр дараах, төсөл арга хэмжээг санхүүжүүлэх юм. Үүнд:
- Эрчим хүч хуримтлуурын станцын ажил 296 тэрбум төгрөг
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил 26.9 тэрбум төгрөг
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажил 52.5 тэрбум төгрөг
- Авто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлыг 120.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх
- Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан.
Харин Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын хүрээнд дараах ажил, арга хэмжээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ. Үүнд:
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг шинээр барих,
- 32-ын тойрог орчмын баруун талын тохижилтын ажил хийх,
- Багахангай дүүргийн Хойд жигүүрийн халаалт болон хэрэглээний халуун усны шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, нийтийн зориулалттай цахилгаан шатны шинэчлэлтийн ажил.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ