Дорнод аймгийн Чойбалсан хотод энэ сарын 15-16-нд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ХХ зууны гарамгай мэргэн А.Цэвээний нэрэмжит Үндэсний сурын Улсын Аварга Шалгаруулах цуваа харвааны тэмцээн боллоо.
Төрийн наадмын өнгийг тодорхойлдог гэж хэлж болохуйц уг тэмцээнд 1,030 харваач цэц мэргэнээ сорьсноос Ховд аймгийн Булган сумын уугуул, Уулын Баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, Хангарди спорт хорооны тамирчин, даяар дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр 37 оноогоор бусдыгаа манлайлан гурав дах удаагаа Улсын аваргаар тодров.
Хөдөлмөрийн баатар А.Цэвээний хүү, Монгол Улсын Дархан мэргэн, Гавьяат тамирчин Ц.Хүдэрчулуун тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ удаа маш өргөн цар хүрээнд болж байна. Нийтдээ 1,030 харваач оролцож, өрсөлдөөн ихтэй боллоо.
Аавын минь нэрэмжит 100 жилийн ойн харваанд Төрийн наадамдаа таван удаа түрүүлсэн Х.Даваажаргал мэргэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Оюунчимэг, Монгол Улсын Даяар Дуурсагдах мэргэн Л.Отгонбаяр гээд олон даян мэргэн, Монголын сор болсон өндөр цол зэрэгтэй мундаг харваачид оролцож байгаад их баяртай байна. Энэ наадам их өнгөтэй, сайхан болж байна.
Миний аавын тогтоосон дээд амжилтыг зууны туршид эвдсэн хүн байхгүй. Улсынхаа наадамд дөрвөн удаа түрүүлж, 11 удаа айрагдсан, Монголдоо дахин давтагдашгүй өндөр амжилттай хүн. Мөн 61 насандаа гурав дахь удаагаа улсын наадамдаа түрүүлж байсан нь ховор амжилт. Одоогоор 60 насандаа улсын наадамд түрүүлсэн харваач төрөөгүй байна” хэмээж байв.
Сурын харваа бол үндэсний спортын ууган төрлүүдийн нэг, үүсэл хөгжлийн арвин түүхтэй соёлын өв билээ. Чулуун зэвсгийн үед ан ав хийх гол хэрэгслүүдийн нэг байсан хавчаахай нум нь он цагийн явцад хэлбэрээ өөрчилж, Монголын анхны төрт улс буюу Хүннү гүрний үеийн гар урчуудын ур ухаан шингэсэн модон голч, эвэр элэг, шөрмөсөн аралтай болж хөгжсөөр өнөө цагийн үндсэн төрхөө олсон гэдэг.
Ан ав, цэрэг дайны зориулалтаар ашиглагддаг байсан нум сум нь Үндэсний их баяр наадмын нэг төрөл болтлоо ард түмний дунд алдаршсан юм.
Харваачдын цолны талаар сонирхуулахад Үндэсний их баяр наадамд
- Нэг түрүүлбэл “Улсын мэргэн”
- Хоёр түрүүлбэл “Даян мэргэн”
- Гурав түрүүлбэл “Даяар дуурьсах мэргэн”
- Дөрөв түрүүлбэл “Дархан мэргэн цол” хүртээдэг байна.
Харин Улсын наадамд хоёрдугаар байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач цол”, гуравдугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач” цол олгодог.