Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаас өмнө улсын арслан М.Бадарчийн цолыг хураах, түүнд унасан бөхчүүдэд цом, чимэг нөхөн олгох зарлиг гаргах гэнэ.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс ч улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгох саналыг ирэх наадмаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсэн сурагтай. Гагцхүү Ерөнхийлөгчийн зүгээс цол хураах болон нөхөн олгох зарлиг гаргаснаар энэ хэрэг маргаан эцэс болно.
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ.
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.
Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн бууна.
М.Бадарчийн тухайд Спортын арбитрын тавьсан саналыг хүлээн авч, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, нэг жилээр эрхээ хасуулах болов уу гэж бөх сонирхогчид харж байна. Угаасаа барилдаагүй бараг нэг жил болж байгаа учир энэ хугацаагаа тооцуулж, ирэх намраас барилдах байх гэсэн яриа гарчээ.