Лхагва гарагт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) шувууны ханиадны вирусийн дэд хувилбараар халдварласан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан хүн нас барсан анхны тохиолдлыг зарлажээ.
Халуурах, амьсгал давчдах, суулгах, дотор муухайрах, биеийн ерөнхий байдал тавгүйдэх шинж тэмдгүүд илэрч байсан Мексикийн 59 настай иргэн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр нас барсан юм байна.
Шувууны ханиадны вирусийн А(H5N2) дэд хувилбарын халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан дэлхийн анхны тохиолдол энэ хүн байжээ. Одоогоор хүнд халдварласан өөр ийм тохиолдолд бүртгэгдээгүй байгаа юм байна.
Мексикийн шувууны аж ахуйнуудад А(H5N2) дэд хувилбар тархсаныг өмнө нь бүртгэж байсан ч нас барсан хүн шувуу болон бусад амьтадтай ойр харьцаж байсан түүхгүй болохыг ДЭМБ баталжээ.
Сүүлийн үед шувууны ханиадны вирусийн дэд хувилбарууд хүн болон бусад хөхтөн амьтдад халдварлах болсон нь судлаачдын санааг зовоож байгаа.
Шувууны ханиадны вирусийн аль нэг дэд хувилбар хүнээс хүнд халдварласан тохиолдол одоохондоо бүртгэгдээгүй байна.
АНУ-ын сүүний үүлдрийн үхрийн фермүүдэд тархаад буй вирусийн дэд хувилбар нь H5N1 юм. Сүүлийн байдлаар уг хувилбараар фермийн гурван ажилчин халдварласан нь тогтоогдсон. Гэхдээ тэдгээр нь бүгд үхрээс хүнд халдварласан тохиолдлууд юм.
Эх сурвалж: Reuters