Дэлхийн ноён оргилд авирахад нийтдээ 24 цаг, 26 минут зарцуулсан дээд амжилтыг Балбын уулчин Пунжо Лама тогтоожээ.
Тэрбээр Эверестийн бэл дэх баазаас оргилд гарахад 14 цаг, 31 минут, дараа нь оргилоос буухад дахин есөн цаг, 18 минут зарцуулсан байна.
Тавдугаар сарын 23-ны өдрийн 3:52 цагт баазаас хөдлөөд маргааш өглөөний 6:23 цагт оргилд хүрчээ.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад Эверестийн оргилд гарах боломж уулчдад маш хязгаарлагдмал байдаг. Оргилд хөл тавих гэсэн уулчдын урт дараалал үүссэнийг өмнөх жилүүдийн авиралтын үеэр авсан гэрэл зургууд харуулдаг.
Энэ урт дарааллыг алгасахын тулд Лама замдаа унтаж амралгүй шөнийн цагаар авирчээ.
Түүнийг авирч эхлэхээс өмнө Эверестийн хоёрдугаар баазаас дөрөвдүгээр баазын хооронд 6,700 орчим уулчин авирч байсан гэнэ.
Эверестийн өндөр далайн түвшнээс дээш 8,849 метр байдаг.
Бэлийн баазаас хамгийн богино хугацаанд оргилд хүрээд буцаж ирэх эмэгтэйчүүдийн дээд амжилтыг Лама 2018 онд 39 цаг, зургаан минутаар тогтоож байжээ.
Түүний энэ дээд амжилтыг 2021 онд Хонконгийн уулчин Ада Цан 25 цаг, 50 минутаар эвдсэн байна.
Энэ жил Лама хоёр дахь авиралтаараа дээд амжилтыг хоёр дахь удаагаа шинэчилжээ.
Эрэгтэйчүүдийн дээд амжилтыг 2003 онд Балбын Лхагпа Гэлү Шерпа 10 цаг, 56 минутаар тогтоосон байдаг.
Балбын алслагдсан Цум хөндийд сарлаг маллаж, далайн түвшнээс 4,500-5,000 метрийн өндөрт амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн Лама бичиг үсэгт тайлагдаж, хорвоотой танилцах хүртлээ уулчин гэж мэргэжил байдгийг мэдээгүй явсан гэдэг.
Тэрбээр Умард Америкийн хамгийн өндөр оргил Деналид гарч байжээ. Одоо тэр дэлхийн хоёр дахь өндөр оргил Пакистаны К2-т авирах хүсэлтэй явдаг гэнэ.
Эх сурвалж: CNN