Оросын улс төрийн нөлөөг мөрдөн шалгах ажлын хүрээнд өчигдөр Бельгийн цагдаа нар Брюссель хот дахь Европын парламентын төв байранд нэгжлэг явуулжээ.
Францын эрх баригчид өчигдөр бас Бельгийн талын хүсэлтээр Страсбург хотод байдаг Европын парламентын салбар байранд тусгай ажиллагаа явуулсан байна.
Бельгийн цагдаагийн байгууллага өнгөрсөн сард Оросын суртал нэвтрүүлгийн Voice of Europe вэб сайтаас авлига авсан парламентын гишүүдийн хэргийг шалгаж эхэлснээ зарласан юм.
Чехийн эрх баригчид Прага хотод Европ тивийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн нууц сүлжээг илрүүлсний дараа энэ мөрдлөг эхэлж байжээ.
Ирэх долоо хоногт болох Европын парламентын сонгуульд Оросын нууц албад өөрийн талын улс төрчдийг түлхүү өрсөлдүүлэх зорилготой ажиллаж байсныг тогтоосон байна.
Бельгийн холбооны прокурорын албанаас өчигдөр гаргасан мэдэгдэлд уг нэгжлэг нь “Оросын хөндлөнгийн оролцоо, авлига, гэмт хэргийн байгууллагын гишүүнчлэлтэй холбоотой” гэж тайлбарлажээ.
Ингэхдээ сэжигтний нэрийг зарлалгүй нууцалсан байна.
Бельгийн зарим хэвлэлүүд сэжигтнийг Германы хэт барууны үзэлтэй AfD (Alternative für Deutschland) намын гишүүн Максимиллиан Крахын туслах асан Гиллом Прадура байж магадгүйг мэдээлжээ.
Түүнийг Voice of Europe сайтад Оросын бодлогыг дэмжсэн ярилцлага өгүүлэхийн тулд улс төрчдөд авлига өгч байсан гэж сэжиглэж байгаа гэнэ.
Одоо Прадура нь Нидерландын хэт барууны Ардчиллын Форум намаас сонгогдсон гишүүн Марсел де Граафын албанд ажилладаг ажээ.
Европын Холбооны эрх баригчид Даваа гарагт Voice of Europe вэб сайтыг хориглох шийдвэр гаргасан юм. Ингэхдээ Украины дайн болон Европын Холбооны гишүүн орнуудын талаар худал, гажуудсан мэдээлэл түгээх ажлыг системтэй зохион байгуулж байсан гэж шалтгаанаа тайлбарлажээ.
Уг сайттай холбоотой Оросын хоёр бизнесмэн болох Артем Марчевский, Виктор Медведчук нарын хөрөнгийг битүүмжилж, визийн хориг тавьсан юм.
Медведчук нь Оросын талыг баримтлагч Украины улс төрийн намыг олон жил тэргүүлж байжээ.
Эх сурвалж: The Guardian