Умард Солонгос сүүлийн нэг хоногийн дотор хогтой уут дүүжилсэн 150 гаруй агаарын бөмбөлгийг хоёр Солонгосын хилийг давуулан нисгэснийг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өнөөдөр мэдээлжээ.
Мягмар гарагийн шөнөөс хойш ийм бөмбөлгүүд тус улсын янз бүрийн бүс нутагт газардсаныг бүртгэсэн байна.
Хамгийн хол ниссэн бөмбөлөг зүүн өмнөд эргийн Өмнөд Гёнсан мужийн нутагт хүрчээ.
Агаарын бөмбөлгүүдэд хуванцар сав, дууссан батарей, урагдсан гутал, тэр ч байтугай мал амьтны ялгадас агуулсан уут дүүжилсэн байна.
“Умард Солонгосын энэ үйлдэл нь олон улсын хууль дүрмийг илт зөрчиж, манай хүн ардын аюулгүй байдалд заналхийлж байна. Энэхүү хүнлэг бус, бүдүүлэг үйлдлээ даруй зогсоохыг хатуу анхааруулж байна” гэж Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгджээ.
Өмнөд Солонгосын идэвхтнүүд Пёняны дэглэмийн эсрэг суртал нэвтрүүлгийн материал бүхий агаарын бөмбөлгүүдийг Умард Солонгосын нутаг руу үе үе хөөргөдөг.
Умард Солонгосын тал үүний эсрэг ижил төстэй хариу арга хэмжээ авсан нь энэ бололтой.
Сөүлийн эрх баригчид ийм ачаатай бөмбөлөг олдвол хөндөлгүйгээр ойролцоох цэрэг, цагдаагийн байгууллагуудад яаралтай мэдэгдэхийг иргэдэд зөвлөжээ.
Эх сурвалж: Yonhap News