Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Хамасын удирдагч Яхья Синвар болон Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху нарыг баривчлах тушаал гаргаж өгөх хүсэлт гаргасан билээ. Яхъя Синварыг аравдугаар сарын 7-нд Израиль руу хийсэн халдлагад буруутгаж байгаа бол Нетаньяхуг Газын зурваст хийсэн дайны гэмт хэргээс болж баривчилна гэж шүүхийн прокурор Карим Хан мэдэгдэв. Түүнчлэн, Израилийн Батлан хамгаалах сайд Йоав Галлант, Хамасын өөр хоёр удирдагч болох Мохаммед Дейф, Исмаил Хание нарыг баривчлахыг зорьж байна.
Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалыг Израилийн улстөрчид эрс зэмлэн буруушааж байгаа бол Европын удирдагчдын хариу үйлдэл хоёр янз байна. Тэдний ялгаатай байр суурийг доор хүргэе.
Бельгийн Гадаад хэргийн сайд Хаджа Лахбиб “Газын зурвас дахь гэмт хэргийг үйлдсэн этгээд хэн байхаас үл хамааран түүнийг хамгийн дээд түвшинд яллах ёстой” гэж “Х” хуудсандаа жиргэжээ. Энэ нь Бельги улс Олон улсын эрүүгийн шүүхийг шийдвэрийг дэмжиж байгааг илтгэв.
Словенийн Гадаад хэргийн яам ч үүнтэй төстэй мэдэгдэл хийжээ. Тодруулбал, “Израиль, Палестины нутаг дэвсгэрт үйлдсэн дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг хэн байхаас үл хамааран хараат бусаар, шударгаар яллах ёстой. Хариуцлагатай байх нь харгис хэрцгий байдлаас урьдчилан сэргийлэх, энх тайвныг хангахад маш чухал” гэж мэдэгдэл гаргажээ.
Францын Гадаад хэргийн яам Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг чандлан сахих ёстойг, ялангуяа Газын зурвас дахь энгийн иргэдийн хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг, хүмүүнлэгийн тусламж хүрэлцэхгүй байгааг олон сарын турш анхааруулсаар ирсэн гэдгээ юун түрүүнд мэдэгдсэн. Цаашилбал, “Франц Олон улсын шүүхийн үйл ажиллагааг дэмжиж байна. Эрүүгийн шүүх, түүний хараат бус байдал, буруутай этгээд ялгүйд тооцогдохын эсрэг тэмцэнэ” гэжээ.
Европын холбооны зарим удирдагч энэ шийдвэрийг тийм ч таатай бус гэж үзсэн.
Чехийн Ерөнхий сайд Петр Фиала “Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхий прокурорын санал болгож буй баривчлах тушаал нь аймшигтай бөгөөд огт хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл” гэжээ. Тэрбээр ардчилсан замаар сонгогдсон засгийн газрын төлөөлөгчдийг Исламын террорист байгууллагын удирдагчидтай хамт баривчлах гэж байгааг онцолсон байна.
Австрийн канцлер Карл Нехаммер ч мөн адил эргэлзээтэй байгаагаа илэрхийлэв. “Бид Олон улсын эрүүгийн шүүхийн хараат бус байдлыг бүрэн хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч Израиль улсыг мөхөөх зорилготой террорист бүлгийн удирдагчийг тухайн улсын ардчилсан замаар сонгогдсон төлөөлөгчидтэй зэрэгцүүлэн дурдаж байгаа нь ойлгомжгүй” гэж тэр хэлжээ.
Их Британийн засгийн газар мөн шийдвэрийг сайшаахгүй байна. Ерөнхий сайд Риши Сунакийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Энэ үйлдэл нь тулалдааныг түр зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах, хүмүүнлэгийн тусламж авах, тогтвортой гал зогсоох үйл явцуудыг ахиулахад ямар ч тус болохгүй” гэжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Израилийн удирдагчдыг баривчлах зөвшөөрөл олгох тухай өргөдлийг хэт харгис гэж нэрлэсэн байна. Байден мэдэгдэлдээ “Прокурор юу ч хэлж байсан Израиль болон Хамасыг адилтгах зүйл байхгүй. Бид Израилийн аюулгүй байдалд заналхийлэхийн эсрэг үргэлж хамт байх болно” гэв. Олон улсын эрүүгийн шүүхийн мэдэгдлийг харвал Израиль болон Хамас бүлгийн удирдагчдыг ижил гэмт хэрэгт буруутгаагүй ч зарим нэг давхцал бий.
Европын холбооны гишүүн орнуудаас ялгаатай нь АНУ нь Олон улсын эрүүгийн шүүхийн бүрэн эрхт гишүүн биш юм.
Герман улс бусдаасаа арай хожуу мэдэгдэл гаргасан бөгөөд шүүхийг хүндэтгэдэг гэдгээ илэрхийлж, шүүхийг байгуулсныг олон улсын хамтын нийгэмлэгийн үндсэн ололт гэж магтсан байна. Гэсэн хэдий ч “Хамас, Израилийн удирдагчдыг нэгэн зэрэг баривчлах хүсэлт гаргасан нь ижил тэгш байдлын тухайд буруу ойлголт өгч байна” гэжээ. Тус улс Хамас бүлэглэлийн үйлдсэн гэмт хэргүүдийг жагсааж, Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Дашрамд дурдахад, Олон улсын эрүүгийн шүүх нь Нидерландын Гааг хотод байрлалтай ба геноцид, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хувь хүмүүсийг шүүх зориулалттай байгууллага юм. Нийт 111 гишүүн оронтой, 18 шүүгч есөн жилийн хугацаатайгаар ээлжлэн ажилладаг. Одоогийн байдлаар Хойд Уганда, Конго, Төв Африк, Судан, Кенид болсон хэрэг явдлуудад мөрдлөг явуулж байна. Мөн 16 хүнийг шүүхэд дуудаад байгаагаас долоо нь нуугдсан хэвээр, хоёр нь нас барсан, дөрөв нь баривчлагдсан бол гурав нь сайн дураараа хүрэлцэн иржээ.
Эх сурвалж: POLITICO