Японы 65-аас дээш насны иргэдийн 20 хувь нь 2060 он гэхэд зөнөх эмгэгтэй болно гэх судалгаа гарчээ. Засгийн газраас ахмад настныг сувилах эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлж, хүн амын тоо зогсолттой байгаа үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж мэдэгдэв. Эрүүл мэндийн яамнаас гаргасан тооцоонд дурдсанаар 2060 он гэхэд таван хүн тутмын нэг буюу 6.45 сая хүн “дементиа” буюу зөнөх эмгэгтэй болно. Гэхдээ 8.5 сая хүн мартаж, санах өвчтэй болно гэх 2015 оны тооцооллоос багассан байгаа нь иргэд эрүүл хооллож, тогтмол дасгал хийн, тамхи татахаа багасгасантай холбоотой аж.
Засгийн газар зөнөх эмгэгтэй хүмүүс болон тэдний гэр бүлийг дэмжих арга хэмжээг энэ намар эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Танин мэдэхүйн бэрхшээлтэй холбоотой өвчтэй хүмүүст илүү сайн дэмжлэг үзүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн оролцоог дэмжих зорилгоор нэгдүгээр сард шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Нийт тохиолдлын тоо 2030 он гэхэд 5.23 сая, 2040 он гэхэд 5.84 сая болж өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ үед тус улсын 65 ба түүнээс дээш насны хүн амын тоо дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна.
Дэлхий даяар 2020 оны байдлаар 50 сая хүн зөнөх эмгэгтэй байна гэсэн судалгаа бий. Уг тоо ирэх 20 жилд хоёр дахин нэмэгдэж, 2030 он гэхэл 82 сая, 2050 он гэхэд 152 сая хүн зөнөх эмгэгтэй болох төлөвтэй байна. Эдгээр тохилдлын хамгийн өндөр хувь нь хурдацтай хөгжиж буй улс орнуудад бүртгэгдэнэ. Дементиа өвчтэй хүмүүсийн 60 хувь нь бага, дунд орлоготой орнуудад амьдарч байгаа бол 2050 он гэхэд 71 хувь болж өснө. Эдгээр тоонууд нь одоо байгаа хамгийн үнэн бодит тооцоолол, бүртгэл дээр суурилсан аж.
Дэлхийн хэмжээнд 2015 онд зөнөх эмгэгтэй хүмүүст зарцуулж буй нийт өртөг 818 тэрбум ам.доллар байсан нь тухайн үеийн дэлхийн ДНБ-ий 1.09 хувийг эзэлж байжээ. Дэлхий дахинд тус эмгэгийн жилийн зардал 1.3 их наяд ам.доллараас давж байгаа бөгөөд 2030 он гэхэд 2.8 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Уг зардалд албан бус асаргааны зардал (гэр бүл болон бусад хүмүүсийн цалингүй тусламж), нийгмийн халамжийн шууд зардал (олон нийтийн асрамжийн мэргэжилтнүүд болон орон сууцны нөхцөлд) болон эмнэлгийн тусламж үйлчилгээний шууд зардал (сэтгэлийн хямрал, сэтгэцийн эмгэгийг эмчлэх зардал) орно.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний шууд зардал нь дэлхийн дементиад зарцуулах зардлын 20 орчим хувийг эзэлдэг бол нийгмийн салбарын шууд зардал болон албан бус тусламж үйлчилгээний зардал тус бүр ойролцоогоор 40 хувийг эзэлдэг. Албан бус тусламж үйлчилгээний харьцангуй их хувийг Африкийн бүс нутагт ашигладаг бол, Хойд Америк, Баруун Европ болон Өмнөд Америкийн зарим бүс нутагт хамгийн бага байдаг. Хэрэв зөнөх эмгэг нь тусдаа улс байсан бол дэлхийн 14 дэх том эдийн засаг байх байсан гэсэн үг.
Дементиа нь ой санамж, сэтгэн бодох чадвар, өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх чадварт нөлөөлдөг хэд хэдэн өвчний нэр томъёо юм. Цаг хугацаа өнгөрөх тусам өвчин улам дорддог. Энэ нь ихэвчлэн өндөр настай хүмүүст тохиолддог ч бүгд адилхан биш юм. Дементиа үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг зүйлүүд нь:
- нас (65 ба түүнээс дээш насныханд илүү их тохиолддог)
- цусны даралт ихсэх
- цусан дахь сахарын хэмжээ ихсэх (чихрийн шижин)
- илүүдэл жинтэй эсвэл таргалалттай
- тамхи татах
- хэт их архи уух
- бие махбодийн хувьд идэвхгүй байх
- нийгмээс тусгаарлагдсан байх
- сэтгэлийн хямрал
Эх сурвалж: JAPAN TODAY