Украины зэвсэг судлаач Кристина Кимачук энэ оны нэгдүгээр сарын 2-нд Харьков хотын барилга руу урьд үзэгдэж харагдаагүй пуужин унасныг мэдээлсэн. Энэ пуужин Оросынх биш гэдгийг тэр мэдэж байсан ч гарал үүслийг нь олж тогтоох нь түүний үүрэг байв. Тэрбээр холбогдох албаныхантай холбогдож, уг пуужинг шинжлэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Улмаар пуужинг эрэг боолт, компьютерийн чип гэхчлэн жижиглэн задалсан.
Пуужингийн эд ангиуд дээр 112 гэсэн бичиг байжээ. Энэ нь хойд солонгос хуанлийн тооллоор 2023 он гэсэн утгатай тоо аж.
“Хойд Солонгосоос ОХУ-д зарим зэвсэг нийлүүлсэн гэдгийг бид сонссон. Гэхдээ би үүнийг бодитоор харж, хүрч, шалгаж үзлээ. Маш сэтгэл хөдөлгөм байсан” гэж Кристина Кимачук ярьжээ.
Түүнээс хойш ОХУ-ын арми Хойд Солонгосын олон 10 пуужинг Украин руу харважээ. Эдгээр нь 24 хүний аминд хүрч, 70 гаруй хүнийг шархдуулсан байна.
Ким Жон Ун цөмийн дайн эхлүүлэхээр бэлтгэж байна гэх таамаглал гараад багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл Хойд Солонгос улс өдгөө Украинд үргэлжилж буй дайныг улам өдөөж, дэлхийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх чадвартай байна гэдэг шинэ аюул заналхийлэл гарч ирэв. Тодруулбал, Хойд Солонгосоос ОХУ-д зэвсэг нийлүүлсэн гэх баримтаас илүүтэйгээр хамгийн сэтгэл хөдөлгөм илчлэлт нь тэдгээр зэвсэг барууны технологиор өвч тоноглогдсон байсан явдал юм.
Хойд Солонгосын пуужингуудын ихэнх эд ангиудыг АНУ болон Европт үйлдвэрлэсэн байжээ. Бүр 2023 оны гуравдугаар сард АНУ-д үйлдвэрлэсэн компьютерийн чип ч байсан. Эндээс үзвэл Хойд Солонгос улс зэвсгийн чухал эд ангиудыг хууль бусаар худалдан авч, хилээр нэвтрүүлж, пуужин угсарч, улмаар ОХУ руу тээвэрлэж чаджээ гэсэн үг. Энэ бүхэн хэдхэн сарын дотор болжээ.
“Хойд Солонгос улс бараг 20 жил хатуу хориг арга хэмжээтэй байгаа. Гэсэн хэдий ч зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай бүхнийг ер бусын хурдтайгаар гартаа оруулсаар байгаа нь хамгийн их гайхашруулж байна” гэж “Conflict Armament Research” байгууллагын дэд захирал Дэмиен Сплитерс хэлжээ.
Лондон дахь Хатан хааны нэгдсэн үйлчилгээний хүрээлэнгийн Батлан хамгаалах судалгааны төвийн Хойд Солонгос судлаач Жозеф Бирн мөн адил зүйл хэлж буй. Тэрбээр “Хойд Солонгосын баллистик пуужинг Европын нутаг дэвсгэрт хүмүүсийг хөнөөхөд ашиглаж байгааг харна гэж би хэзээ ч бодож байсангүй. Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард Путинтэй уулзаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй. Энэ сэжигтэй үеэс хойш бид Хойд Солонгос, ОХУ хоорондын зэвсэг тээвэрлэлтийг хянаж байсан. Манай тооцоолсноор Оросын далбаатай карго тээврийн дөрвөн ч онгоц хоёр улсын хооронд олон удаа нааш цааш явжээ. Нийт 7000 чингэлэгээр нэг сая гаруй сумны сум, град пуужин илгээсэн гэж тооцоолж байна” гэжээ.
Энэ үнэлгээг АНУ, Их Британи, Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан баталж байгаа ч Орос, Хойд Солонгосын хувьд үгүйсгэсэн байр суурьтай байгаа юм.
“Барууныхан Украинд ямар зэвсэг өгөхөө мэдэхгүй тээнэгэлзэж байх хооронд хойд солонгосчууд Киевт цохилт өгөх боломжийг Орост олгож байна” гэж Жозеф Бирн хэлэв.
ТУЛААНЫ ТАЛБАРТ БАЛЛИСТИК ПУУЖИН
Мэргэжилтнүүдийн санааг хамгийн ихээр зовоосоон зүйл бол тулааны талбарт баллистик пуужин илэрсэн явдал. Хойд Солонгос улс өөрсдийн зэвсгээ 1980-аад оноос хойш гол төлөв Хойд Африк, Ойрхи Дорнодын орнууд, тэр дундаа Ливи, Сири, Иранд заржээ. Тэдгээр нь ихэвчлэн Зөвлөлт маягийн пуужингууд байсан. Хамас бүлэг өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Газын зурваст халдлага үйлдэхдээ мөн л Пёньяны зэвсэг ашигласан байх магадлалтай.
Украин руу нэгдүгээр сарын 2-нд харвасан пуужин нь Пёньяны хамгийн боловсронгуй богино тусгалт пуужин болох “Хвасон 11” гэж үзэж байна. Энэ нь 700 км хүртэлх байг онох чадвартай.
Үүнийг Оросын пуужингаас дутахгүй гэж Миддлберигийн Олон улсын судлалын хүрээлэнгийн Хойд Солонгосын зэвсэг, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудлаарх шинжээч доктор Жеффри Льюис дүгнэжээ.
“Энэ пуужингийн давуу тал нь маш хямд үнэтэй. Илүү ихийг худалдан авч, илүү их буудаж болно. Хойд солонгосчууд ийм пуужин хэчнээнийг үйлдвэрлэх чадамжтай вэ гэсэн асуулт эндээс гарч ирнэ. ОХУ руу илгээсэн чингэлэгүүдийн тоог харвал Пёньяны зэвсгийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Нэг жилийн дотор хэдэн зуугаар нь зэвсэг үйлдвэрлэх чадалтай байна” гэж Жеффри Льюис хэлэв.
Дэлхийн улс орнуудаас Хойд Солонгост эд анги худалдах хориотой. Гэхдээ орчин үеийн зэвсгийн салшгүй хэсэг болох компьютерийн чипийг гар утас, угаалгын машин, автомашинд өргөнөөр ашигладаг. Эдгээр бүтээгдэхүүн дэлхий даяар тоолж баршгүй ихээр зарагдаж буй. Үйлдвэрлэгчээс дистрибьютерт, дистрибьютерээс хэрэглэгчид гэх мэтчилэн анхны бүтээгдэхүүн хаана очиж дуусдагийг хэн ч мэдэхгүй.
Пуужингийн бүрэлдэхүүн хэсгийн хэчнээн хувь нь баруунаас гаралтай болохыг мэдээд Хойд Солонгос судлаач Жозеф Бирн сэтгэлээр унасан аж. Яагаад гэвэл Хойд Солонгосын худалдан авалтын сүлжээ тэдний төсөөлж байснаас илүү бат бөх, үр дүнтэй байжээ.
Хилийн чанадад амьдардаг хойд солонгосчууд хулгайн мөнгөөр худалдаа наймаа хийхийн тулд Хонгконг болон бусад Төв Азийн орнуудад хуурамч компани байгуулдаг аж. Дараа нь Хойд Солонгос руу тэдгээр бараа бүтээгдэхүүнээ илгээнэ. Тухайн хуурамч компани нь илэрч, хориг арга хэмжээнд өртлөө гэхэд дараагийн компани нь мөдхөн байгуулагддаг.
Энэ мэт сүлжээтэй тэмцэхэд хориг арга хэмжээ нь төгс бус хэрэгсэл гэж шинжээчид үздэг. Үр дүнтэй байя гэвэл үргэлж шинэчилж, хэрэгжүүлэх шаардлагатай. Энд сануулахад, ОХУ, Хятад улсууд Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг байнга эсэргүүцсээр ирсэн билээ.
УКРАИНЫ ДАЙНААС ХОЛ ДАВСАН ҮР ДАГАВАР
Энд жинхэнэ ялагч нь Орос, Украины аль нь ч биш Хойд Солонгос болох аж. Орост тусалснаараа тэд маш их давуу талыг өөрсөндөө олж авсан.
ОХУ-аас Хойд Солонгос руу их хэмжээний газрын тос, будаа, гурил тээвэрлэснийг Хатан хааны нэгдсэн үйлчилгээний хүрээлэнгийн Батлан хамгаалах судалгааны төв баримтжуулсан байна. Хэдэн зуун сая фунт стерлингээр үнэлэгдэх энэхүү хэлэлцээр нь Хойд Солонгосын эдийн засгаар тогтохгүй армийг нь ч хүчирхэгжүүлэх юм. Цаашилбал, ОХУ-аас Умардад пуужингаа үргэлжлүүлэн үйлдвэрлэх түүхий эд, техник хэрэгсэл нийлүүлэх, цөмийн зэвсгээ сайжруулахад нь чиглэсэн бусад туслалцааг үзүүлэх боломжтой.
Хойд Солонгос өөрсдийн үйлдвэрлэсэн пуужингаа анх удаа бодитоор дайны талбарт турших боломжтой болж буйг онцлууштай. Үнэ цэнтэй өгөгдөл цуглуулснаар тэд бүтээгдэхүүнээ улам сайжруулах боломжтой.
Хойд Солонгосын пуужин ОХУ-д хангалттай байгаа бол дэлхийн бусад оронд ч хангалттай гэсэн үг. Нэгэнт бөөнөөр үйлдвэрлэсэн зэвсгээ тэд илүү олон оронд худалдахыг хүснэ. Хятад, Орос, Ираны блокийн орнуудад пуужингийн томоохон нийлүүлэгч нь Хойд Солонгос болно гэж таамаглаж байна. Цөмийн болон баллистик зэвсгийн хөтөлбөрөөрөө Хойд Солонгос, Иран улсууд хамтрах вий гэх болгоомжлол ч бий.
Эх сурвалж: BBC