Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэд хоногийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, ШУТИС, ХААИС-ийг Баянхошуу руу, СУИС-ийг Сэлбэ рүү нүүлгэх асуудлыг ярилцжээ. Одоогоор шийдвэр эцэслээгүй байна.
Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор эрх баригчид төрийн өмчит их сургуулиудыг нийслэлийн төв хэсгээс гаргах асуудлыг хөндөх болсон. Энэ хүрээнд дээрх нэр бүхий сургуулиудын асуудал яригдсан нь энэ юм.
Нийслэлийн төв хэсэгт төр захиргааны байгууллагууд нь төрийн өмчит их сургуулиудтайгаа зэрэгцэн оршдог нь төвлөрлийг үүсгэж байгаа тул задлах талаар ярьсаар олон жил болж буй.
Түүх сөхвөл 2009 оны үеэс С.Батболдын Засгийн газрын үед төрийн өмчит их сургуулийг Багануур дүүрэг рүү шилжүүлэх шийдвэр гарч, судалгаа хийсэн. Судалгаанд олон арван сая төгрөг зарцуулсан ч эцсийн дүндээ хөрөнгө мөнгөгүйгээс шалтгаалж нүүлгэх асуудал бүтэлгүйтсэн. Гэвч МАН 2020 оны сүүлээс эхлэн дахин эл асуудлыг хөндөн, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд руу төрийн өмчит их сургуулиудыг нүүлгэх юм болсон. Тухайлбал, Дархан-Уул аймаг руу ХААИС-ийг нүүлгэх асуудлыг судална гэж байв. Дөрвөн жил болоход төрийн өмчит их сургуулиудаас нэг нь ч нүүгээгүй. Харин МУИС Хууль зүйн сургуулийнхаа хуучин байрыг буулган долоон давхар болгон шинээр барихаар болж, өнгөрсөн жил ажлыг эхлүүлсэн. Тиймээс олон нийт “Их сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэж чадахгүй юм байна” гэж шуугицгаасан.
Тэгвэл сүүлийн саруудад дахин энэ асуудал хөндөгдөж эхэлсэн юм.
Уг нь Баянхошуу руу төрийн өмчит их сургуулиудаас нэгийг нь нүүлгэхэд болохгүй гэх газаргүй. Гэр хорооллыг барилгажуулах хүрээнд хангалттай газар чөлөөлөгдөнө. Иймээс газар олдохгүй гэх асуудалгүй.
Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл 2012-2016 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Сонгинохайрхан дүүргийн Ханын материал руу Хотын захиргааг шилжүүлэхээр болж, шийдвэр гарган барилгын ажлыг эхлүүлсэн ч 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээснээр энэ ажил МАН-д шилжсэн. Гэвч Э.Бат-Үүлээс ажлыг нь хүлээлцэж авсан Су.Батболд Хотын захиргааны байрыг Ханын материалд барихгүй, Яармаг руу зохистой гэж үзсэнээр Их тойруу дахь төвлөрлийг сааруулах бодлого үндсэндээ нурсан.
Харин саяхнаас эрх баригчид “20 минутын хот байгуулах” төлөвлөгөөгөө танилцуулснаар өнгөрсөн найман жилийн алдаагаа давтахгүйг хичээн, төвлөрлийг сааруулах оролдлогыг хийж эхлээд байна.